О.Цэцэнхэ: Дүү нар маань надаас хэзээ ч салж чадахгүй учраас одоо ч гэсэн дүү нараа сонгоно

О.Цэцэнхэ: Дүү нар маань надаас хэзээ ч салж чадахгүй учраас одоо ч гэсэн дүү нараа сонгоно

Таван жилийн өмнө С1 телевизийн “Гайхамшигт жижигхэн хүмүүс” шоу нэвтрүүлгийн тайзнаа хөтлөгчийн өөдөөс хараад, маш нухацтай царайлан “Хэрвээ аюул тулгарвал дүү нараа хамгийн түрүүнд аварна. Найз охиноо бол  дараа нь аварна даа” хэмээн хэлж, олон мянган хүнийг баясган, цахим орчинд "вайрэл" болж байсан бяцхан хүүг та санаж байна уу? Тэгвэл өнөөдөр тэрхүү алдартай хариултын эзэн, олны хайрыг татсан О.Цэцэнхэ хүү хэдийнэ 10 нас хүрч, зургаадугаар ангийн сурагч болжээ.

ВИДЕО:

Ердөө тавхан настай байхдаа хэлсэн ганц өгүүлбэр нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн, мөн өнөөдөр тэр ямар ухаалаг ах болон өсөж буй талаар isee.mn “Social ID” булангаараа хүргэж байна.

 -САНИ ИРЭЭД НАМАЙГ ШУУД ҮНСЧИХСЭН. ТЭГЭЭД Л БИД ХОЁР ҮЕРХЭЖ ЭХЭЛСЭН ЮМ-

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Танд болон уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг О.Цэцэнхэ гэдэг. Би одоо 10 настай, 6 дугаар ангид сурдаг. Энэ жилийн 11 сард 11 нас хүрнэ ээ.

-Чи “Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэгт орохдоо хэдэн настай байсан бэ?

-Би “Гайхамшигт жижигхэн хүмүүс”-т орохдоо ердөө таван настай байсан. Тэр үед камер, гэрэл гээд л аймаар сандарсан. Сандраад юу бодож байгаагаа ч мэдэхгүй, толгойд орж ирсэн зүйлээ л шууд хэлээд байсан байхгүй юу.

 -"Найз охиноо дараа аварна" гэдэг бичлэг одоо ч цахим орчинд явдаг шүү дээ. Санигийн талаар бидэнд яриач?

-Тэр үед би нэгдүгээр ангид байсан юм уу даа, ангийнхаа аяга тавгийг хураагаад зогсож байтал Сани ирээд намайг шууд үнсчихсэн. Тэгээд л бид хоёр "үерхэж" эхэлсэн юм. Тэгж байтал би нэвтрүүлэгт ороод “Найз охиноо дараа аварна” гээд хэлчихсэн чинь Сани сонсоод уурлаж, надаас салчихсан. "Чи намайг яах гээд байгаа юм, аврахгүй орхичих юм уу" гээд л. Надад угаасаа сайн биш байж дээ гэж бодсон байх. Тэр үед надаас салахад нь их гунигтай мэдрэмж төрж байсан. Уг нь бид хоёр үерхээд сар ч болоогүй байсан юм л даа.

-БИ ХЭТЭРХИЙ ИХ САХИЛГАГҮЙ БАЙСНААС БОЛООД САНИ НАМАЙГ ХАЯХ НЭГ ШАЛТГААН НЬ БОЛСОН БАЙХ ГЭЖ БОДДОГ-

-Тавхан настай хүүхэд гэхэд гэр бүлээ, дүү нараа нэгдүгээрт тавьж хариулсан нь хүмүүсийг маш их бахархуулсан. Одоо чиний энэ бодол хэвээрээ юу?

-Хэвээрээ. Найз охин бол надаас салъя гээд салаад, яваад өгч болно шүү дээ. Харин дүү нар бол миний дүү хэвээрээ л байна, салъя гэсэн ч салж чадахгүй. Угаасаа л нэг гэр бүлийн хүмүүс юм чинь. Тэр үед би төрсөн гурван дүүтэй байж байгаад, дараа нь дахин нэг дүү нэмэгдэж, одоо би доороо дөрвөн дүүтэй том ах болсон. Багадаа би хэтэрхий их сахилгагүй байснаас болоод бас Сани намайг хаяах нэг шалтгаан нь болсон байх гэж боддог. Тийм болохоор одоо би даруухан байхаар шийдсэн.

- Сургууль дээр нь хүүхдүүд таниад, хэцүү байдаг уу. Олон хүн чамайг таних хэр санагддаг вэ?

-Ер нь сургууль дээр намайг бүх хүүхдүүд таньдаг. Багш нар, дээд ангийнхан, бүр жоохон ангийн хүүхдүүд хүртэл таниад байхаар заримдаа үнэхээр ичмээр санагддаг. Бага байхдаа юу ч бодохгүй хэлчихсэн зүйлийг маань хүмүүс одоо хүртэл яриад, шоолоод ч байгаа юм шиг санагдахаар нүүр хийх газаргүй болчихдог шүү.

-Цаашдын мөрөөдөл, ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?

-Би том болоод тогооч мэргэжилтэй болохыг маш их хүсэж байгаа. Яагаад гэвэл дөрвөн дүүдээ дуртай хоолыг нь хийж өгмөөр байна. Бас ээждээ, эмээдээ, гэр бүлийнхэндээ дандаа гоё хоол хийж өгөх гэж л би энэ мэргэжлийг сонгосон.

****

Тавхан настай жаалхүүгийн камерын өмнө сандарч хэлсэн хөгжилтэй хариултын цаана гэр бүлээ гэсэн агуу хайр, ах хүний жудаг нуугдаж байжээ. Охинд хаягдсан гунигт түүхээ инээмсэглэн хуваалцах О.Цэцэнхэ хүү өнөөдөр дөрвөн дүүгийнхээ түшигтэй том ах, гэр бүлийнхээ ирээдүйн "хайртай тогооч" болохоор даруухан бөгөөд ухаалаг өсөж байна.