Г.Отгонбаатар: Өдөр болгон дуудаж, “ажлаа өг” гэж шахсаны улмаас аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн

Г.Отгонбаатар: Өдөр болгон дуудаж, “ажлаа өг” гэж шахсаны улмаас аргагүйн эрхэнд өргөдлөө өгсөн

Өчигдөр/2021.03.17/ Баянзүрх дүүргийн 26-р хороонд тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо. Үүнтэй зэрэгцээд тус хорооны дарга Г.Отгонбаатарыг сольсон нь олон хүний уур бухимдлыг хүргээд байна. Иргэдийн зүгээс “ажлаа мэддэг, чадварлаг удирдах албан тушаалтныг ямар ч үндэслэлгүйгээр халж байгаа нь шударга бус явдал” гэж хөл хорио тогтоосон ч жагсаж, Г.Отгонбаатарыг буцаан томилуулахаар гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм.

Баянзүрх дүүрэг 28 хороотой. Гэвч орон нутгийн сонгуулиас хойш 27 хорооны засаг дарга солигджээ. Тодруулбал, нам солигдсоны дараа бүх хороон дарга нарыг ээлжлэн сольсон аж. Г.Отгонбаатарын хувьд 28 дахь буюу хамгийн сүүлд үлдсэн хороон дарга байсан ч ийнхүү ажлаас гарах өргөдлөө өгөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Бид энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.

СОНСОХ:

-ГАРГАСАН ЗАХИРАМЖУУДЫГ ЧИНЬ ЦУЦАЛЖ, ЧАМАЙГ ХАЛНА ГЭЖ
ӨДӨР БОЛГОН ДУУДДАГ БОЛСОН-

-Зарим иргэн таныг өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн гэж байна. Гэтэл зарим нь дээд удирдлагаас халах тушаал гаргасан гэж ярьж байна. Энэ тал дээр баттай мэдээлэл өгөхгүй юу?

-Би ажиллах ямар ч боломжгүй болсны улмаас хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 16-ны өдөр гарах өргөдлөө өгсөн. Аливаа байгууллагад ажиллах нөхцөл бололцоогоор хангана гэж байдаг шүү дээ. Дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагадаа ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгнө гэсэн үг. Гэтэл “гаргасан захирамжуудыг чинь цуцалж, чамайг хална” гэж өдөр болгон дуудаж, ямар ч ажиллах нөхцөл боломжгүй байдалд намайг оруулсан. Тиймээс ажлаа гарах хүсэлтээ өгсөн байгаа.

-Ямар үндэслэлээр таны гаргасан тушаал, захирамжийг цуцалж байгаа юм бэ. Танд энэ талаараа тайлбарласан уу?

-Одоо бол намайг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж “явж” байгаа байх. Хуучин хорооны иргэдийн нийтийн хурлаар сонгогдоход гарсан батламжлагдсан захирамжийг хүчингүй болгоно гэдэг асуудлыг сүүлийн нэг сарын турш ярих болсон. Өдөр болгон дуудаж, “ажлаа өг” гэдэг шахалтын доор л аргагүйн эрхэнд ажлаа өглөө.

-Тэгэхээр сүүлийн нэг сарын хугацаанд байнга ажлаа өг гэж таныг дууддаг байсан гэсэн үг үү?

-Тийм. Он гарснаас хойш л байнгын ийм асуудалтай нүүр тулж байна. Би нэг сарын өмнө Засаг дарга Н.Баярмөнх хороодын засаг дарга нарыг нэг нэгээр нь дуудан ирүүлж, халж байгаа талаар “Live tv”-д яриа өгсөн. Үүнтэй холбоотойгоор асуудал улам хурцадсан.

-2018 оноос хойш Олимд хотхонд олгосон сургуулийн газрын талаарх шүүхийн маргаанд та оролцсон. Гуравхан хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 15-ны өдөр Анхан шатны шүүхэд ялаад байсан шүү дээ.

-Тийм. Өчигдөр Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн шаардлага хангахгүй болгож шийдвэрлэсэн. Энд хэрэгт Нийслэлийн Тамгын газрын алба хаагчид, эцэг эхийн төлөөлөл зэрэг олон хүн оролцсон. Миний хувьд хорооны нутаг дэвсгэр дээр сургууль хэрэгтэй байгааг илэрхийлж, нийслэлийн засаг даргын итгэмжлэлээр орсон юм. Одоо давж заалдах шатны шүүх гээд явах байх.

Тайлбар: Олимп хотхонд олгосон сургуулийн газрын асуудлаар Анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ

-НАМЫН БОДЛОГО ГЭДЭГ ЗҮЙЛЭЭР ШАХАЖ, ӨРГӨДӨЛ ӨГӨХӨӨС
ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙНА-

-Танай хорооны зарим иргэн энэ хэрэгтэй холбоотойгоор таныг ажлаас халчихлаа гэж үзэж байсан?

-Шүүх хурал, хөл хорио зэрэг асуудалтай давхцаж таарах шиг боллоо. Түүнээс биш намайг халахын тулд хөл хорио тогтоосон эсвэл, шүүх хурлаас болж халаагүй байх. Миний өргөдлийг харгалзаж үзэж ийм шийдвэр гаргасан гэж бодож байна.

-Таныг чухам ямар үндэслэлээр “хална”, “ажлаа өг” гэж шаардаж байгаа юм бэ. Үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол байна гэж харж байна уу?

-Намын бодлого гэж ойлгож байна. Би өөрөө Ардчилсан намын гишүүн. Одоо Ардчилсан нам дүүрэгтээ цөөнх болсон. Өмнө нь Ардчилсан нам засаглаж байхад ажиллаж байсан хороодын засаг дарга нараас өргөдлөө өгөхийг нь өгүүлээд, халахыг нь халаад бүгдийг МАН-ын хүнээр томилгоо хийсэн. 28 хорооноос хамгийн сүүлд би ганцаараа үлдлээ. Одоо намын бодлого гэдэг зүйлээр л намайг шахаж, өргөдөл өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж байна. Надад ажил дээрээ гаргасан элдэв алдаа дутагдал байхгүй. Шударга, үнэнчээр хичээнгүй ажиллахыг үргэлж хичээдэг. Иргэд ч хийсэн ажлыг маань үнэлж, надад хүндэтгэлтэй хандаж байна.

-Та дээд удирдлагуудтайгаа уулзах болгондоо ажлаа үргэлжлүүлж хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан гэсэн. Танд ямар хариу өгдөг вэ?

-Таныг ажиллуулах боломжгүй. Таныг солино л гэж хэлдэг.

-Таныг ажлаа өгсний дараа Баянзүрх дүүргийн 26-р хорооны олон иргэн эсэргүүцлээ илэрхийллээ. Хатуу хөл хорио тогтоосон ч жагсаж, буцаан томилох гарын үсэг цуглуулж байна. Хэрэв иргэдийн хүсэлтийг хүлээн авч, таныг буцаан томилбол ажилдаа эргэн орох уу.

-Мэдээж ажиллалгүй яахав. Би дуртайдаа өргөдлөө өгөөгүй шүү дээ. “Өргөдлөө өг”, “хална” гэдэг дарамт шахалтын дор л халагдах өргөдлөө өглөө. Би ажиллах сонирхолтой байгаагаа дүүргийн зохих удирдлагуудад хэлсэн. “Хорооныхоо ажлыг хиймээр байна. Эхлүүлсэн, үргэлжлүүлэх, хийж дуусгаагүй ажил зөндөө байна. Хорооныхоо засаг даргын ажлыг хиймээр байна” гэж уулзах болгондоо хэлж байсан. Би хоёр жил гаруй хугацаанд 26-р хороонд засаг даргын ажлыг хийсэн. Иргэд намайг ажлаа сайн хийсэн гэж үнэлж байгаа гэж ойлгож байна. Ямар ч байсан муу нэртэйгээр, ажлаа муу хийгээд халагдаж байгаа юм биш. Ажлаа хийх боломжгүй болсон учраас л гарч байна. Олон хүн над руу залгаж, намайг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Их баярлаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.