СХД-ийн нөхөн сонгуулийг аравдугаар сард явуулахаар тогтсон нь Н.Энхбаярыг "хуурах" МАН-ын тактик уу

СХД-ийн нөхөн сонгуулийг аравдугаар сард явуулахаар тогтсон нь Н.Энхбаярыг "хуурах" МАН-ын тактик уу

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2021.03.17/ хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцсэн байна. Учир нь Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолыг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-аас батлаад байсан юм.

Улмаар тус нөхөн сонгуулийн санал авах өдрийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ирэх зургадугаар сарын 09-нд товлоод байсан юм.

Тэгвэл нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулж, 2021 оны аравдугаар сарын 10-нд байхаар уг төсөлд тусгасан бөгөөд байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч элдэв маргаанаа эцэслэсний дараа нөхөн сонгуулийн явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Гэтэл аравдугаар сарын 10-нд нөхөн сонгуулийг зохион байгуулснаар зардал нэг тэрбум орчим төгрөгөөр өсч байгаа юм. Гэхдээ үүнийг үл харгалзан МАН ирэх аравдугаар сард нөхөн сонгуулийг явуулах гэж буй нь ямартай учиртай вэ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орох саналыг МАН-аас МАХН-д тавьсан. Энэ нь С.Ганбаатарыг МАХН-аас дэвшүүлэхгүй байх л нэг зорилготой гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж буй. Харин үүний хариуд Н.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хүү Э.Батшугарыгаа МАН-аас нэр дэвшүүлэх саналыг тавьж тохирсон гэж буй.

Тэгвэл МАН дээрх нөхөн сонгуулиа хойшлуулсан нь Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл МАХН-ыг "ашиглаж" С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй байх төлөвлөгөөндөө хүрээд түүнээс хойшхи санаачилгыг гартаа авч ажиллах нь гэж хардахад хүргэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас цааш МАН-д МАХН-ын хэрэг нэг ч үгүй бөгөөд аравдугаар сарын нөхөн сонгуульд Э.Батшугарыг биш намаасаа хүн нэр дэвшүүлж, нэг суудлаа хадгалж үлдэх нь гэх таамгийг төрүүлж байна.