Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондогт 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондогт 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

2017 онд Засаг даргын суудлаасаа огцорсон ч, удалгүй сэнтий дээшилж ОХУ-ын элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондогт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт боллоо. 

Ховд аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон тус хуралд Д.Галсандондогтой хамт Т.Сэргэлэн тус аймгийн МХГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Түвшинбат нарын гэм буруутай эсэхийг хэлэлцжээ. Эл гурван хүнд Нийслэлийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг залилсан, хахуул авсан, албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, Д.Галсандондог Ховд аймаг дахь МАН-ын даргаар ажиллаж байхдаа иргэн Ш.Түвшинбатаас “ажилд оруулна” хэмээн 14 сая төгрөгийн үнэтэй “Тоёота королла” загварын суудлын автомашин, “Дөргөн сумын Хөх арга гэх газарт нөхөн сэргээлт хийлгэнэ” гэж 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй улмаар иргэн Т.Сэргэлэн өрөнд орж 120 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт холбогдсон гэж Өнөөдөр сонинд дэлгэрүүлэн бичиж байв. Гэвч Д.Галсандондог эрүүгийн хэргээ шийдүүлэлгүй ОХУ-д дипломат албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь холбогдох дээд шатны байгууллагаас шийдвэр гаргаж эрүүгийн хэргээ шийдвэрлүүл хэмээн Монгол руу буцаан, чөлөөлсөн байдаг. 

Ингээд шүүхээс Д.Галсандондогт 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, төрийн албанд томилогдох эрхийг нь нэг жил хасжээ. Харин Ш.Түвшинбатыг мөн адил хэмжээний төгрөгөөр, Т.Сэргэлэнд 2.7 саяар торгох ял шийтгэсэн байна. 

Д.Галсандондогт холбогдох авлигалын өөр нэг хэрэг мөн хуулийн байгууллагад шалгагдаж байна. Сануулбал, 2017 оны арванхоёрдугаар сард Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Д.Галсандондогт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж улмаар гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг “Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байгаа, аймаг орон нутгийг хөгжүүлэхэд дорвитой ажил хийгээгүй, жилийн 365 хоногийн 250 хоногт гадаад, дотоод томилолт нэрийдлээр аялж зугаалсан, намын хорооны даргаасаа огцорсон” гэж үзэж огцруулсан.