Зөвшилцөл үр дүнд хүрээгүй тул, өнөөдрийн уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож магадгүй

Зөвшилцөл үр дүнд хүрээгүй тул, өнөөдрийн уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож магадгүй

УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд өчигдөр /2021.03.15/ тус намын дарга С.Эрдэнэтэй уулзаж, санал солилцсон гэсэн мэдээлэл байгаа юм. Учир нь АН хоёр тамга, хоёр даргатай талцаж, хоёр өөр дотоод сонгуулийн товыг зарласан.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намууд энэ долоо хоногт СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө тэд нам дотроо учраа ололцох ёстой байгаа аж. Үндсэндээ С.Эрдэнийн толгойлж байгаа АН нь хууль ёсных гэж буй. Учир нь УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгосон байдаг.

-ЭНЭ САРЫН 28-НЫ ӨДӨР ТОДРОХ АН-ЫН ДАРГЫГ ТОДРУУЛАХ СОНГУУЛИА НЭГТГЭЕ ГЭЖ С.ЭРДЭНЭЭС ГУЙЖЭЭ-

Ингээд уулзалтын үеэр АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцсаны эцэст хоёр тал гурав, гурван хүнтэй ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр болсон гэх албаны мэдээлэл байгаа юм. Харин ажлын хэсгийн уулзалт нь УОК-оос гаргасан шийдвэрийг хүндэтгэж цаашид “цахим”-аар хуралдах бололтой.

Тэгвэл 3 цаг үргэлжилсэн өчигдрийн уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд “АН-ын даргын сонгууль болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгуулиа нэг дор хийе. Ингэхдээ энэ сарын 17 –ны өдөр тодрох нийслэл, дүүргийн АН-ын даргыг тодруулах сонгуулийг хүлээн зөвшөөрөё” гэжээ. Тодруулбал, С.Эрдэнийн зарласан Нийслэлийн АН-ын даргад Э.Бат-Үүл, Л.Уртнасан нарын хүмүүс нэр дэвшиж, сурталчилгааны ажилдаа ороод байгаа юм. Иймд энэ сонгуулийн санал хураалт маргааш гарагт буюу энэ сарын 17 –ны өдөр болж, ялагч нь тодрох аж.

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид

Мөн өчигдөр болсон уулзалтын үеэр “АН-ын дарга С.Эрдэнийн зүгээс мэдэгдээд байгаа ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох АН-ын даргын сонгуулийг одоо зарлагдаж, О.Цогтгэрэл, О.Амартүвшин нарын дөрвөн хүн нэр дэвшээд буй энэ сарын 28 –ны өдөр санал хураалт нь болох АН-ын даргын сонгуультай хамтдаа хийе, дахин нэр дэвших хүмүүс байгаа бол энэ сарын 19-ны өдөр нөхөж бүртгэе” гэсэн саналыг гаргажээ.

Тодруулбал, С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 19 –ны өдрөөс эхлэн бүртгэж, ирэх дөрөвдүгээр сарын 25 –ны тодруулна” гэж мэдэгдсэн билээ. Иймд хоёр тусдаа явах АН-ын даргыг тодруулах сонгуулийг нэгтгэх саналыг УИХ-ын 11 гишүүийн зүгээс гаргасан байна. Ингээд эцэст нь тэд “намынхаа дотоод сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулах нь зөв” гэдэгт санал нэгджээ.

Үндсэндээ АН-ын дарга С.Эрдэнийн бүх саналыг дэмжиж байна. Харин намын даргын сонгуулиа энэ сарын 28 –ны өдөр хийе гэсэн саналыг гаргаж, С.Эрдэнээс гуйжээ. Ингээд тус хурлаар тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн байна. Иймд дахин санал, солилцох уулзалтыг өнөөдөр /2021.03.16/ “Зайсан”-нд байх нэгэн газарт товложээ. Харин өнөөдрийн уулзалтад УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд болон С.Эрдэнэ тэргүүтэй тус намын дэд дарга нар болон Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож магадгүй байгаа ажээ.