Ж.Золжаргал: Баавгай үзэгдээд удаж байхад хуульд өөрчлөлт оруулах хүн алга, аргагүйн эрхэнд “Амьтны хууль”-ийг өөрчлөх төсөл боловсрууллаа

Ж.Золжаргал: Баавгай үзэгдээд удаж байхад хуульд өөрчлөлт оруулах хүн алга, аргагүйн эрхэнд “Амьтны хууль”-ийг өөрчлөх төсөл боловсрууллаа

Өнгөрсөн наймдугаар сараас хойш баавгай суурьшлын бүс, малчин айлуудын ойролцоо үзэгдэх, хүн малд аюул учруулах тохиолдлууд гарч, иргэдийн айдас, болгоомжлол нэмэгдээд байна. Гэвч энэ үед төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд алим, банана тавьж өгөх зэрэг асуудал яригдаж, иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, ийм нөхцөлд өөрийгөө хамгаалсан иргэний эрх зүйн байдлыг яаж зохицуулах тухай асуудал хөндөгдсөөр байна. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Амьтны тухай хуулийн 25.7 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвхөн саарал чоноор хязгаарлахгүйгээр хүн рүү халдах аюул учруулсан бусад араатан амьтнаас өөрийгөө хамгаалах эрхийг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж буй юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Амьтны тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар боловсруулж байна вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Амьтны тухай хуулийн 25.7-д саарал чонын аюулаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, мал сүргээ хамгаалахын тулд буудсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай 25.1 дэх заалт үйлчлэхгүй гэсэн агуулгатай нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн жил оруулсан байдаг. Одоо энэ заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн саарал чоноор хязгаарлахгүй байх санаа бий. Ховор амьтныг агнахтай холбоотой заалтыг болгоомжгүй боловсруулахгүй бол хулгайн ан хийх нөхцөл бүрдүүлж болзошгүй. Тиймээс энэ асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх хэрэгтэй. Ямар тохиолдолд тухайн амьтныг аюултай гэж үзэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Биологич, байгаль хамгаалагч, ан амьтан судалдаг мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтэд үндэслэн салбарын яам хуулийн өөрчлөлтийг боловсруулж, өргөн барих нь зүйтэй. Сар гаруй хугацаа өнгөрлөө.

Хүмүүс санаа зовж, айж байна. Өнөөдөр хууль баталлаа гээд тэр хүмүүсийн айдас шууд алга болохгүй. Гэхдээ зарчмын асуудал бий. Энэ намар ямар нэг шалтгаанаар том араатан айлын суурьшлын бүсэд олноороо орж ирсэн бол дараа нь дахин ийм нөхцөл үүсэхэд яах вэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Би өөрөө ч сошиал сүлжээнд мэдээлэл өгч байсан. Гэтэл хуулийн өөрчлөлтөө санаачлахгүй байсан учраас аргагүйн эрхэнд нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох парламентад санал авахаар орууллаа. Одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд цааш явна байх.

Тэр үед мэргэжлийн хүмүүс оролцож, шинжлэх ухаан, биологи, амьтдын идэш тэжээл зэрэг асуудлыг судлах хэрэгтэй. Нэг сар өнгөрөхөд хүмүүс алим, банана тавьж өгөх тухай ярьж, бүгд хашаа, хотондоо манаа гаргаад сууж байна. Хуулийн хэрэгжилтийг хэрхэн зөв зохицуулах вэ гэдэг нь чухал. Нөгөө талаас, хүний амь нас хохирсон хэрэгт холбогдогчийн эрх зүйн асуудлыг ч ярьж байна. Төр ийм асуудалд саажилтад орсон мэт, ямар ч үйлдэл хийх чадамжгүй байж болохгүй. Энэ бол ичгэвтэр явдал.

- Хуулийн өөрчлөлтийг бусад хуультай уялдуулах, зайлшгүй тохиолдлыг хэрхэн тодорхойлох асуудал бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтын тухай зохицуулалт байдаг. Гэхдээ зайлшгүй тохиолдлыг хэрхэн тодорхойлох вэ. Довтолгоо дууссаны дараа хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэх мэт зохицуулалт бий. Тэгвэл аюултай нөхцөл байдал үүссэнийг яаж тодорхойлох юм бэ. Өмнө нь ч ийм тохиолдлууд гарч байсан. Хил хамгаалж байсан алба хаагч баавгай буудсаны улмаас бараг шоронд орох шахсан гэдэг. Сүүлдээ бөөн асуудал болж байж үндэслэл гарган, арай гэж хариуцлагаас чөлөөлсөн. Үүнтэй адил өвөлжөөний ойролцоо том араатан хүрээд ирвэл яах вэ. Хүн яг өөр рүү нь дайрахыг нь хүлээж байгаад хамгаалах ёстой юу. Жишээлбэл, ирвэс хэр барагтай бол хүн рүү халддаггүй юм байна. Гэхдээ дайрвал яах вэ. Ганц харайгаад л нэг секундын дотор хүнийг хүнд байдалд оруулж чадна. Тэгэхээр дайрахыг нь хүлээх үү, эсвэл харайж ирэхэд нь замд нь буудах уу. Ийм эргэлзээтэй байдал байж болохгүй. Хуулийн хэрэгжилт нь хууль сахиулагчдын тайлбараас хамаардаг байж болохгүй. Миний бодлоор энэ асуудал ойлгомжтой байх ёстой. Тухайн амьтан хэдэн метрийн зайд ойртсон үед аюултай гэж үзэх вэ гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох асуудал. Хүн аюул тулгарсан үед өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ бол байгалийн хууль. Баавгай хүний хуульд захирагдаж амьдрахгүй. Өлсөж, идэш тэжээлгүй болсон амьтан гарч ирээд ойр байгаа зүйл рүүгээ халдаж болно. Тэнд байгаа хүн ч өөрийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах эрхтэй.

Төр хүний эрхийг хамгаалж чадахгүй бол хүн өөрөө өөрийгөө хамгаалах шаардлага үүснэ. Хүний амьд явах эрхийг хуулиар хязгаарлаж болохгүй. Тиймээс аюул тулгарсан үед хүн өөрийгөө хамгаалсны төлөө гэмт хэрэг хийсэн мэт байдалд орж болохгүй. Дараа нь шүүхийн шатанд хүрч, олон жилийн хорих ял эсвэл олон сая төгрөгийн торгууль хүлээх вий гэсэн айдастай амьдарч болохгүй. Энэ асуудлыг зөвхөн өнөөдрийн нөхцөлөөр хязгаарлаж болохгүй.

Ирэх жилүүдэд ийм нөхцөл дахин үүсвэл яах вэ. Миний ойлгож байгаагаар одоо дахиад нэг сар орчим хугацаа байна. Дулаан намар бол амьтдын ичих явц өөрчлөгдөж болно. Энэ хугацаанд юу болох вэ. Ирэх хавар өлссөн амьтад эрт сэрээд дахин малчдын хот руу орж ирвэл яах вэ. Байгаль дахь ийм харилцаа удаан хугацаанд үргэлжилж болзошгүй. Монголчууд, ялангуяа малчид, талаар нэг тархан амьдардаг. Малчин айлуудын дэргэд төрийн байгууллага байнга ажиллах боломжгүй. Урьд нь малчид жижиг калибрын буутай л байсан. Одоо зэвсгээ шинэчилж чадсан эсэх нь ч тодорхойгүй. Гэхдээ байгальд амьдардаг хүмүүсийн хувьд зэвсэгтэй харилцах соёл, өөрсдийгөө хамгаалах боломж хэрэгтэй. Хэдэн мянган жилийн турш малаа маллаж амьдарсан ард түмэн шаардлагатай үед өөрсдийгөө хамгаалдаг байх ёстой. Тэр эрхийг нь хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Сая хохирогчид хүртэл “Төр засаг маань хаана байна вэ” гэж ярьж байна. Хүн айж сандарсан үедээ, тэр дундаа ганц бие эмэгтэй ийм нөхцөлд яаж амьдрах вэ. Гэхдээ төр засаг орон даяар малчин айл бүрийн гадаа буутай зогсож, хамгаална гэж байхгүй. Малчин айлын дэргэд гарч ирсэн чоно, баавгай, бусад араатныг төр очиж тухай бүрд нь хамгаалж, устгах боломжгүй. Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалах эрх нь тодорхой байх ёстой. Миний харж байгаагаар Амьтны тухай хуулийн 25.7-д саарал чоныг буудаж болно гэж заасан байгаа. Тэгэхээр зөвхөн саарал чоноор хязгаарлахгүй, хүн рүү халдах аюул үүсгэсэн араатан амьтнаас өөрийгөө хамгаалах эрхийг нь нээж өгөх ёстой гэж бодож байна.

- Үндсэн хуулиар иргэд хамгаалуулах эрхтэй. Гэтэл баавгайтай холбоотой асуудал өчигдөр эхэлсэн зүйл биш. Өнгөрсөн наймдугаар сараас хойш үргэлжилж байна. Иргэд салбарын сайдыг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Төр хүний эрхийг хамгаалахын тулд оршдог. Эрхийг хамгаалахын тулд хууль бичдэг. Гэтэл хуулийн бичлэгээс болоод эрхийг хамгаалах биш, хүн өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байдалд хүрч болохгүй. Иргэд өөрсдийгөө хамгаалахаас айж, хуулийг янз бүрээр тайлбарлаад явж болохгүй. Яагаад ингэж санаа зовж, цаг алдаж байгааг ойлгохгүй байна. Сая нэг комисс байгуулж, амьтад хаана үзэгдэж байгааг бүртгэж, аюултай гэж үзсэн тохиолдолд очиж агнах арга хэмжээ авах тухай ярьж байна. Энэ бол зөв үйл ажиллагаа. Гэхдээ эх орноо тойроод малчдын хот бүрээр явж, буутай хамгаалалт гаргах боломжгүй. Малчин айлын дэргэд гарч ирсэн чоно, баавгай, бусад араатныг төр засаг очиж устгана гэдэг бодит боломжгүй зүйл. Хамгийн гол нь хүн өөрийнхөө эрхийг хамгаалах эрхтэй гэдгийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Тэрнийхээ төлөө гэмт хэрэгтэн болохгүй байх хуулийн заалт л хэрэгтэй. Би энэ талаас нь харж байна. Байгалийн болон хүний нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан амьтад хохирч байгаа асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд судлах ёстой. Монгол Улс энэ чиглэлийн шинжлэх ухааны байгууллага, хариуцсан яамтай улс. Тэд асуудлаа хариуцаад, шаардлагатай арга хэмжээгээ авах нь зөв. Гэхдээ хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шаардлага гарахад иргэд өөрсдийгөө хамгаалахаас айдаг ийм байдал байж болохгүй.

- Мэдээлэл өгсөн танд баярлалаа.