У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэдгээ мэдэгдэж, Д.Амарбаясгалан гомдогчидтой уулзаж эхэлжээ

У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэдгээ мэдэгдэж, Д.Амарбаясгалан гомдогчидтой уулзаж эхэлжээ

МАН өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг дарга нарыг Улаанбаатарт урьж, тэмдэг гардуулж, Элит ресторанд хоолонд урьсан. Хүлээн авалтад МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын зарим гишүүн бусад албан тушаалтнууд оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН УУЛЗАЛТЫН ҮЕЭР УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ХАТУУХАН ШҮҮМЖИЛЖЭЭ -

Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд гол анхаарлаа хандуулж ярилцсан бөгөөд МАН-аас сонгогдсон аймгийн Засаг дарга нарыг өндөр үүрэг хариуцлагатай ажиллана гэдгийг сануулжээ. Хамгийн сонирхолтой нь энэ үеэр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ тэдэнд албан ёсоор дуулгасан байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой талаар ярилцжээ. Бас нэг сонирхолтой зүйл нь тус уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байлцсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил уулзалтын үеэр Засгийн газрыг шүүмжилж нэлээн ширүүн үг хэлсэн гэх мэдээлэл ч байна.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ, МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН ГОМДОГСОДТОЙ УУЛЗАЖ БАЙНА-

Уг уулзалтын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж буй хүмүүсээ дуудаж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аймаг, орон нутагт тэр дундаа төрөлх нутагтаа модератор хийх саналыг тавьжээ. Удахгүй буюу энэ долоо хоногтоо багтаан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ хүлээн авч хэнд, ямар санал, гомдол байгааг асууна гэх мэдээлэл байгаа юм.

Энэ бүхнээс үзвэл МАН аймгийн Засаг дарга нараасаа эхлээд гомдогсод, УИХ-ын гишүүдийнхээ хүслийг гүйцэлдүүлж өгөөд санаа, зориг нэгтэй эвдэрч, цуураад байхааргүй уур амьсгалтайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь.

У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын тактик ч энэ аж. Гэхдээ дараалсан их уулзалтуудаар аймгийн Засаг дарга нар ч тэр, гомдогсод ч тэр аль, аль нь нүүрэн дээр нь У.Хүрэлсүхийг дэмжинэ гэж хэлж буй ч цаанаа юу ч хийж мэдэх болгоомжлол бий гэх. У.Хүрэлсүхийн хувьд намын гишүүдийнхээ дэмжлэгийг авахаар ийнхүү ажиллаж буй ч Сү.Батболдын, М.Энхболдын гэх эвгүй, хүчтэй фракцаас ямар ч үйлдэл ирж мэдэх билээ. Ташрамд дурдахад, У.Хүрэлсүхээс гадна Сү.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтойгоо илэрхийлээд буй бөгөөд нэр дэвших асуудлаар нам дотроо өрсөлдөнө гэдгээ одоо ч илэрхийлсээр байгаа аж.