Ардчилсан намын даргад нэр дэвшигчид С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монголын улстөрийг АН-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч ойрын өдрүүдэд АН-ын даргыг сонгох дотоод сонгууль анхаарал татсан асуудал болоод байгаа билээ. Тус намын 200 мянга гаруй гишүүд 3-р сарын 28-ны өдөр болох сонгуулиараа даргаа сонгоно. 19 нэр дэвшигчээс шигшигдэн үлдсэн АН-ын даргад нэр дэвшигч дөрвөн эрхэм өнөөдөр сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардчиллын алтан хараацай Зориг агсны хөшөөнд цэцэг өргөснөөр эхлүүллээ.

Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж буй Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар Ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, эв нэгдлээ эрхэмлэн, ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлэхээ тунхаглан сурталчилгаагаа эхлүүлж буй нь энэ юм.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл: Миний хувьд АН-ын даргын сонгуульд цуг шинэчилнэ гэсэн уриатай орж байна. Шинэчлэл гэдэг зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол улсын асуудал. Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийх ёстой гэж үздэг. Ардчилсан нам илүү хурдтай болж өөрчлөх ёстой. Хурдтай гэдэг нь үзэл баримтлалтай, цахим, илүү хурдтай, үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, төр засаг, иргэд хооронд холбоос хийдэг нам болж өөрчлөгдөх шаардлагатай гэж үздэг.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Пүрэвдаваа: “Зогсолтгүй урагшилж тогтвортой хөгжье” гэсэн уриатай “Тогтвортой хөгжил” гэсэн мөрийн хөтөлбөртэй энэ удаагийн сонгуульд  оролцож байна. Хийх ажлаа богино, дунд, урт хугацааны зорилт гэж эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүсээд байгаа талцахыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Дарга төвтэй намаас гишүүд төвтэй нам болно. Дунд хугацаанд 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулах ёстой. Урт хугацаанд Ардчиллыг тордож авч явах ёстой.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.АмартүвшинАрдчилсан намын таван ялалт хэмээх зорилтыг дэвшүүлж байна. Бидний судалгаагаар Ардчилсан намын эв нэгдэл хамгийн сөрөг асуудлыг дагуулж байна. Жишээ нь  Ардчилсан намын даргын сунгаанд оролцож байгаа бид бол өрсөлдөгч биш. Бидний өрсөлдөөн бол хагарал бутрал. Үүнийг ялах ёстой.  Сүүлийн үед Монголын хөгжлийн үзэл санаа гэдэг зүйл орхигдсон байна. Тиймээс үзэл санааны хувьсгал хийх ёстой. Ардчиллын таван ялалт биелэгдвэл Монгол улс үндэстнээрээ ялна гэж үзэж байна.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Миний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уриа бол 2024 онд Ардчилсан намыг ялуулах юм. Гурван зорилт тавьж байна. Нэгдүгээрт Ардчилсан намын дотоод эв нэгдлийг хангахын төлөө бүх хүчин чармайлт, хэлцэл, шахалтыг хийнэ. Хоёрдугаарт бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Гуравдугаарт бодлогын сөрөг хүчнээс ялагч нам гэсэн зорилт тавьж байна. Ардчилсан намыг нэг даргын командаар биш хамтын удирдлагаар хөгждөг нам болгоно. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Ардчилсан нам ард түмний хүсэл, итгэл, үнэмшилд нийцсэн нам болохын тулд энэ удаагийн сонгууль чухал ач холбогдолтой.