Засгийн газар долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа 2013 онд байгуулагдсан Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх шийдвэрийг гаргасан. Энэ талаар тус музейг үүсгэн байгуулагч, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцаж, байр, суурийг нь сонслоо.
СОНСОХ:
-ЭРДЭМТЭД СУДАЛЖ ДУУСААГҮЙ ГЭХ НЭРЭЭР НЭГ Ч ҮЛЭГ ГҮРВЭЛИЙГ МУЗЕЙД ӨГӨХГҮЙ БАЙНА-
-Үлэг гүрвэлийн музейг татан буулгах Засгийн газрын тогтоол гарсан байна. Уг шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Уг шийдвэрийг би их харамсаж хүлээн авч байна. Үлэг гүрвэлийн төв музейг байгуулах болсон шалтгааныг тухайн үед олон нийтэд тайлбарласан. Дэлхийн үлэг гүрвэлийн ертөнцийн топ гурван орны нэг нь Монгол улс. Монгол, АНУ, БНХАУ-д дэлхийн үлэг гүрвэлийн нөөцийн дийлэнх нь байдаг. Ийм мундаг нөөцтэй ч Монгол улсын нэг ч музейд, нэг ч үлэг гүрвэл байдаггүй байсан. Хуучин Байгалийн түүхийн музейд харагддаг байсан үлэг гүрвэл нь үзмэр биш. Харин палеонтологийн хүрээлэнгээс түрээсэлж түр тавьдаг үзэсгэлэн байсан. Өөрөөр хэлбэл, музейн сан хөмрөгт үлэг гүрвэлийн үзмэр огт бүртгэлгүй байсан. Ямартай ч бид нар үлэг гүрвэл гэх зүйлийг үзмэртээ бүртгэж, төрөлжүүлж үзүүлдэг музейтэй болох зорилгоор анх байгуулж байлаа.
Уг музейг байгуулж анхны үзмэрээр Т.Батаарыг бүртгэж авсан. Т.Батаараас өмнө Монголын музейн сан хөмрөгт нэг ч үлэг гүрвэл байсангүй. Үүний дараа судалгаа шинжилгээний ажил нь дууссан, олон жил эрдэмтдийн гар дээр байсан үлэг гүрвэлүүдийг музейн үзвэр болгон шилжүүлэх нь зүйтэй гэх Засгийн газрын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, музейд судлагдахууныг сайн өгөх ёстой гэдэг бодлогыг гаргасан. Соёлын өвийн тухай хуулинд мөн энэ талаар тусгаж өгсөн. Тухайн үед Палеонтологийн хүрээлэнд судлагдаж дууссан үлэг гүрвэлийг бүгдийг нь музейд өг гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Ингэснээр эрдэмтдийн дараа, дараагийн судалгааны ажилд ихээхэн нэмэр болох юм. Бид өмнө нь нэг ч үлэг гүрвэлгүй, заргалдаж гаднаас авчирч чаддаггүй, авчирлаа гэхэд хийх газаргүй байсан.
-Тухайн үед гадаад дотоод руу хулгайлагдаж, нууцаар хилээр гаргасан үлэг гүрвэлүүдийг авчрах ажил ч идэвхжсэн санагддаг?
-Гадаад, дотоод руу хулгайлагдсан, гадны үзэсгэлэнд гаргаад эргэж авчраагүй мартагдсан бүх үлэг гүрвэлийг цуглуулах ажлыг өргөн далайцтай хийсэн. Т.Батаарын араас 400 үзмэрийг авчирсан. Түүний 186 нь үзэсгэлэнд гаргаад эргэж авчраагүй палеонтологийн, 100 гаруй нь археологийн, 40 нь хулгайлагдсан үзмэр байсан. Энэ бүгдийг буцааж авчирсан. Түүн дотор шинжлэх ухааны нээлтийн хэмжээний хаана ч судлагдаагүй гавлын яс хүртэл ирсэн түүх бий. Монголчууд музейтэй болсноор дэлхийн бусад улс орнуудаас үлэг гүрвэлүүдээ татаж авч эхэлсэн. Үүнийг буцаахгүй бол болохгүй юм байна гэдэг дохиог олон улсад өгч чадсан. Англи, Франц, Бельги, АНУ-аас үлэг гүрвэлүүд ирсэн. Япончууд хүртэл судалж байсан зургаан чингэлэг үлэг гүрвэлийг Монгол руу буцаасан. Энэ бүх үлэг гүрвэлүүд одоо Хүннү молл, Палеонтологийн хүрээлэнгийн ард талын байшин, чингэлэгт байна. Үлэг гүрвэлийн төв музей шиг олон байшинг дүүргэхээр үлэг гүрвэлүүд бий.
-Тус үлэг гүрвэлүүдийг яагаад музейд тавьж хүмүүст үзүүлдэггүй юм бэ. Эрдэмтэд үлэг гүрвэлүүдийг судлах нэрээр олон жил өөртөө байлгаж музейд өгдөггүй гэх мэдээлэл байдаг. Үүнтэй холбоотой юу?
-Монголоор дүүрэн үлэг гүрвэл байна. Харин эрдэмтэд маань судалж дуусаагүй гэх нэрээр нэг ч үзмэрийг музейд хүлээлгэж өгөхгүй байна. Харин Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон маш санаачлагатай учраас хулгайлагдаж гарч яваад заргалдаж авчирсан үлэг гүрвэлүүдээ хурдан хугацаанд цэвэрлэж, янзалж үзмэрийн хэмжээнд бэлтгээд шинэ танхимд үзүүлж байна. Музейд үлэг гүрвэлийн шинэ олдворыг цуглуулж шинээр үзмэрийн танхим нээтэл ажиллана гэдэг нь бүтэн жилийн хөдөлмөр. Төрөлжсөн музейтэй болсноор л гадаадаас үлэг гүрвэлүүдээ авчрах ажил тасралтгүй хийгдэнэ. Монголын төр баялагтаа арай гэж эзэн болсон. Хамгийн их олддог баялагтаа, хамгийн том орон зайгаа гаргаад төрөлжсөн музейгээ ажиллуулах нь төрийн тасралтгүй залгамж, бодлого байх ёстой.
Харамсалтай нь Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж Байгалийн түүхийн музейтэй нэгтгэж ач холбогдлыг нь бууруулж байгаад маш их харамсаж байна. Байгалийн төв музей дангаараа маш том. Тус музейн шинэ барилгын зураг төслийг нь хийгээд улсын төсвөөс мөнгө л өгвөл барихад бэлэн байсан. Зураг төсөл, газар нь бэлэн, барилгыг нь барихад бэлэн ажлыг 2014 онд хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш бүтэн таван жил өнгөрлөө, нэг ч тоосго тавигдсангүй. Уг асуудлыг шийдэхгүй удаж байж өөр нэг музейг нурааж нэгтгэнэ гэж байна. Энэ бол дэндүү харалган бодлого.
-Хүннү молл болон бусад газарт байгаа үлэг гүрвэлийг музейд авчирч чадахгүй байгаа нь бас л дээрх шалтгаантай холбоотой юу?
-Хүннү моллд тэр олон үзмэрүүдийг байлгаж буйгаараа үнэ, цэнийг алдагдуулж байгаа юм. Учир нь дэлгүүр, нисэх онгоцны талбайд тус үзмэрүүдийн хуулбар нь байх ёстой. Оригинал үзмэрүүд нь музейд байх ёстой. Гэтэл бид жинхэнэ үзмэрүүдээ дэлгүүрт тавьчихсан байна. Үүнээс болж үзмэрүүд гэрлийн хэт ягаан туяанд идэгдэж, чанараа алдаж байна. Уг нь Соёлын өвийн тухай хуулиар оригинал үзмэрүүдийг музейд тавих ёстой байдаг.
Музей нь нэгийг харьцах нь нэг хуулбарыг төрийн өмнөөс заруулж мөнгийг нь улсын төсөвт оруулах ёстой. Соёлын өвийг хувилж мөнгө олох эрхийг ганц төр л эзэмшдэг. Төр Батаарыг ч хувилж болно.
Гэтэл төр музейгээ татан буулгаж, оригинал үзмэрүүдээ дэлгүүрт тавиад сууж байна. Санхүүжилт босгох ажлаа хийхгүй үзмэрүүдийн үнэ цэнийг үгүй хийгээд л байж байна. Хүннү молл бол зориулалтын бус гэрэлтэй, нарны гэрэл шууд тусдаг хүмүүс юу ч цацаж мэдэх орчин юм. Энэ маш буруу.
Гэхдээ Хүннү Моллд бий үзмэрүүдийн нэг нь ч музейн өв санд бүртгэгдээгүй. Уг нь бүртгэх ёстой. Яагаад бүртгүүлэхгүй байгааг Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас асуух хэрэгтэй. Тэр хүний хувийн сонирхол байна уу, эрдэмтдийн амбиц байна уу, музейд өгөхөөр өөр хүмүүс судлах гээд байна уу. Үлэг гүрвэлүүд зөвхөн тэд нарын өмчид насаараа байх ёстой юу чухам яагаад музейд өгдөггүйг гайхаж байна. Эрдэмтэд өөрсдийн олсон бүтээлийг судалж, судалгааны бүтээлээ гаргаж дуусаад л музейд өгч, өв санд бүртгүүлэх ёстой. Гэтэл нэг ч ширхэг өндөг төрийн өв санд бүртгэгдээгүй байна. ноцолдож буй үлэг гүрвэлүүд музейн өв санд бүртгэгдээгүй.
Хүннү моллийн Батаар болон бусад үлэг гүрвэлүүд эрдэмтдийн судалгааны объект хэлбэрээр байж байна. Тэд музейд үлэг гүрвэлээ өгөхгүйгээс болж “Энэ музейд үзэх зүйл алга. Энд их том зай байгаа юм чинь Байгалийн түүхийн музейтэй нийлүүл” гэдэг тэнэг шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Хүннү моллд буй үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн төв музейд авчирч тавихад бүх өрөө нь дүүрэх ёстой.
Ноцолдож буй үлэг гүрвэлээс эхлээд дэлхийд ховор үзмэрүүдийг музейд тавих ёстой. Х.Цогтбаатар, Барсболд гуай судалгаагаа хийгээд дууссан бол одоо залуу эрдэмтдээрээ судлуул. Та бүхэн одоо болно. Дараа, дараачийн залуустаа судлах боломж олгохын тулд музейд өгөх хэрэгтэй.
-ҮЛЭГ ГҮРВЭЛИЙГ ГАДААДААС АВЧРАХ АЖЛЫГ ХӨӨЦӨЛДӨЖ БУЙ НЭГ Ч ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЛГА БАЙНА-
-Үлэг гүрвэлийн музей тусдаа үйл ажиллагаа явуулахын ач холбогдол нь юу вэ?
-100 жилийн өмнө Монголоос авч явсан үзмэрүүд АНУ-ын Байгалийн түүхийн музейд бий. АНУ-ын Байгалийн түүхийн музейн арын складаар нь орж үзсэн төрийн албан хаагч байдаг эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд хэд, хэдэн удаа орж үзсэн. Тэнд Лениний музей шиг том барилгуудын хонгилоор дүүрэн Монголын үлэг гүрвэл байдаг юм. 1922 онд судалгааны ажлаар АНУ-д аваачсан тэр үлэг гүрвэлүүдээс нэг нь ч Монголдоо эргэж ирээгүй байдаг. Би сайд болон гишүүнээр ажиллахдаа дээрх үлэг гүрвэлүүдийг буцааж авчрах хүсэлт бүхий захидлыг АНУ-ын Байгалийн түүхийн музей рүү явуулдаг байсан. Одоо үүний араас хөөцөлдөж буй нэг ч төрийн албан хаагч харагдахгүй байна. Хөөцөлдөж авчирлаа гэхэд Лениний музей шиг гурав, дөрвөн музей дахин хэрэг болно. Тийм их үзмэр АНУ-ын ганцхан музейд байна. Бельгийн хааны музейтэй бид гэрээ хийж байсан. “Европт хууль бусаар гарсан Монголын үлэг гүрвэлүүдийг танай Бельгийн хааны музей шинэчлээд Монголынх гэж тогтоовол манай улс руу явуулдаг байгаарай” гэх утга бүхий гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Үлэг гүрвэлийн төв музейд хадгалагдаж буй олон үзмэр эргэж ирсэн. Нялх зулзага, сонирхолтой бусад бүх үзмэр Бельгиэс ирсэн. Энэ гэрээний дагуу надаас хойш ажилласан сайд болгоны үед үзмэр эргэж ирж байна. Тэр бүгд гэрээний дагуу л орж ирж байгаа юм. Яг ийм гэрээнүүдийг бэлдчихсэн байх ёстой. Монголд гэр нь байгаа учраас та бүхэн явуулаад байгаарай гэхээр явуулаад л байдаг. Тиймээс Монгол улс үлэг гүрвэлийнхээ орон гэр байгаасай гэж боддог.
Өөрсдөө үлэг гүрвэлийнхээ ач холбогдлыг бууруулбал гадны улсад сөрөг дохио өгнө. Тэд “Монгол үлэг гүрвэл тавих өрөө тасалгаагүй болсон гэнэ лээ. Монголд өгч сүйрүүлж байхаар эндээ хадгалсан дээр” гэж ярьж эхэлнэ. Бид энд сайн музейтэй болсон учраас өөрсдийн үзмэрүүдээ авчирч ирсэн юм. Үлэг гүрвэлийн музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэчихвэл шувуу, эрвээхийгээ хаанаа байрлуулах вэ гээд асуудал үүснэ. Тэр бүрт үлэг гүрвэлийн орон зай багасна. Үлэг гүрвэл тавих зай багасвал ач холбогдолтой үзмэрүүд склад руу л явна. Складад хайрцагтай байгаа үлэг гүрвэлүүд хулгайн замаар алга болохыг хэн мэдэх юм. Тэгэхээр ач холбогдол, үнэ, цэнэтэй үлэг гүрвэлүүдийг хулгайн замаар дахин алдахгүйн тулд үзмэрт дэлгэж, ил байлгах ёстой. Монголын судалгааны байгууллагууд музейд үлэг гүрвэлүүдээ өгөхгүйгээс үүдэн дэлхийн судалгааны байгууллага үлэг гүрвэлийг Монголд өгөхгүй байна. Бүгд судалгаагаар манай үлэг гүрвэлүүдийг авч явсан шүү дээ. Монголчууд өгөхгүй байгаа юм чинь яаж гаднынхан өгөх юм. Тэгэхээр үүнд монголчууд манлайлах хэрэгтэй. Оруулж ирүүлэх ёстой үзмэрүүдийг авчирч ирэхгүй байгаа мөртлөө үзмэрүүдээ өөр газарт байлгаад байгаа нь төрийн бодлого дээд зэргээр буруу байна гэж шүүмжлэхэд хүргэж байна.
-ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ НЬ УЛСЫН ТӨСВӨӨС ХАМГИЙН БАГА МӨНГӨ АВЧ, ХАМГИЙН ИХ ОРЛОГО ОРУУЛДАГ-
-Таныг сайдын ажлаа өгснөөс хойш гаднаас үлэг гүрвэлүүд оруулж ирэх ажлууд зогссон гэсэн үг үү?
-Миний сайдаар ажиллаж байхдаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу үлэг гүрвэлүүд орж ирж байна. Жишээлбэл, Бельги, АНУ-аас өвүүд орж ирсэн. Хайж эрж олж авчрах ажил зогссон байна лээ. Би ийш, тийш олноороо гарсан үлэг гүрвэлүүдийг бөөнөөр нь татах ажлуудыг хийж байна.
-Хамгийн ашигтай ажилладаг музей бол Үлэг гүрвэлийн музей. Энэ талаас нь харвал уг музейг татан буулгах шаардлагагүй баймаар?
Улсын төсвөөс хамгийн бага мөнгө авч хамгийн их орлого оруулдаг музей юм. Хамгийн анхны жил хоёрхон сарын дотор 200 сая төгрөгийн орлого оруулсан.
Энэ нь музейн түүхэн дэхь хамгийн их орлого юм. Аймгуудын музей жилд 2-5 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилладаг. Харин Улаанбаатар хотод Үндэсний музей улсын төсөвт 50 сая төгрөгийн орлого оруулдаг. Хүүхдүүдэд хамгийн их хүрдэг уг музейг татан буулгах шийдвэр гаргасанд үнэхээр гайхаж байна.