Ц.Уянга: “Жонхуу” гэдэг үг хэрэглэснээр ерөнхийлөгчийн ямар байсан нэр хүндийг, ямар болгочхоод байгаа юм

Ц.Уянга: “Жонхуу” гэдэг үг хэрэглэснээр ерөнхийлөгчийн ямар байсан нэр хүндийг, ямар болгочхоод байгаа юм

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянгыг Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарсан. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах шийдвэр гаргаад зогсохгүй түүний фейсбүүкийг хаалгаж, твиттер хуудсыг хаах хүсэлтийг ч мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан байна. Харин иргэн Ц.Уянгад ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр хуулийн байгууллага тухайн хэргийг шийдсэн аж. Энэ талаар бид иргэн Ц.Уянгатай ярилцлаа.

-НАДАД ТОРГУУЛИЙН ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН ХУУДСЫГ НЬ БОРООТОЙ ШӨНӨ ЭЭЖ МИНЬ ЯАРЧ САНДРАН, АВЧИРЧ ӨГСӨН-

-Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан гомдлын дагуу таныг Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан юм байна. Шүүхийн шийдвэр гарч, танд торгуулийн шийтгэл оногдуулснаас хойш мэдэгдсэн гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Надад мэдэх нөхцөл байсангүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас гомдлоо долдугаар сарын эхээр /2019.07.02/ гаргасан бололтой юм билээ. Тэгэхээр намайг гаднаас ирэхийг Ерөнхийлөгчийн тамгын газрынхан анаад сууж байсан юм шиг байгаа юм. Ингээд наадмын дараа миний оршин суух албан ёсны хаягаар буюу манай ээжид торгуулийн хуудас өгөөд явсан байсан. Ээжид хэд хоногийн өмнө мэдэгдэх хуудас ирсэн ч надад хэлэх боломж олдоогүй. Бид явж суух таарсан үе. Бүх зүйл шийдэгдсэн, хэрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурах л дутуу гэх утгатай мэдээлэл хэлсэн байсан. Одоогоос хэд хоногийн өмнө бороотой шөнө тэр хуудсыг барьсан ээж минь яарч сандран, авч ирж өгсөн. Ээж маань сувилалд явах гэж бэлтгэж байсан ч, яваагүй. Хүний эх хүн гэдэг чинь “Ямар нэгэн юм болсон юм болов уу” гэж санаа зовж, сандрахдаа надад хугацаанд нь мэдэгдэх гэж яарсан байсан тэр. Мэдэгдэх хуудсан дээрх дугаар луу нь залгаж хэлсэн. Гэтэл “Асуудал шийдэгдсэн. Угаасаа бүх зүйл тодорхой. Ирж тайлбар өгч болно” гэсэн утгатай зүйлс ярьсан л даа. Шийдвэр нь гарчихсан байхад би тэнд очиж нэмэлт тайлбар өгөх нь утгагүй тул дараачийн шатанд өөрийгөө хамгаалах, тайлбар гаргах эрх нээлттэй гэж ойлгож байгаа.

-Хуулийн байгууллагаас танд албан ёсоор биечлэн мэдэгдээгүй, холбогдогч иргэн байхгүй мөртөл шүүх хэргийг шийдвэрлэсэн гэлээ. Таны өмгөөлөгч энэ тал дээр ямар тайлбарыг хэлж байна вэ?

-Надад огт биечлэн мэдэгдээгүй. Огт холбогдоогүй байснаа шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан торгуулийн хуудас ээжийн гэрт авчирч өгсөн. Би дөнгөж энэ сарын 25-наас эрх зүйн туслалцаа авах өмгөөлөгчтэйгээ уулзаж байна. Нарийн ширийнийг нь ярилцана.

-Та өөрийгөө яг ямар жиргээ, сэтгэгдлээсээ болж зөрчлийн хуулиар шийтгүүлсэн гэж үзэж байгаа вэ?

-Би цахим орчинд ил дэлгэсэн. Зөрчлийн хуулиар торгуулсан шийтгэл надад цочирдом мэдээ байсан. Би хууль дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан байж болно. Гэхдээ надад мэдэгдэхгүйгээр, надаас ямар нэгэн тайлбар авахгүйгээр шийтгэдэг процесс байдаг үгүйд эргэлзэж, гайхаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх, эрх бүхий иргэн би мөн. Хуулийн өмнө бүгд адил тэгш эрхтэй. Ямарваа нэгэн гэмт хэрэгт нотлох баримттайгаар яллагдсан байсан ч, өөрийнхөө эрх ашгийн тулд хууль эрх зүйн хамгаалалт авч, тайлбар гаргаж мэтгэлцэх эрхтэй.  

-“ЖОНХУУ”, “ЁОРК”, “ЕӨК” ЗЭРЭГ ҮГС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ХОЧ МӨН, БИШИЙГ ХЭН ЮУГААР ТОДОРХОЙЛОХ ЮМ-

-Таныг Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Жонхуу” гэж нэрийдсэн гэдэгт  тулгуурлаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

“Жонхуу”, “Еөк”, “Ёорк” гэх мэтээр нэр хоч ашиглан Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа юм билээ. Ийм нэр хоч ашигласны төлөө нэр хүнд нь ямар байж байгаад, ямар болчихсон бэ гэдгийг тодорхойлох ёстой. Хоёрдугаарт, эдгээр нэр хочууд ерөнхийлөгчийн нэр хоч мөн, бишийг хэн юугаар тодорхойлох юм. Гуравдугаарт, эдгээр нэр, хочыг зөвхөн би биш олон нийт хэрэглэдэг. Нийгэмд, олон нийтэд тархсан л нэр. Олон нийтийн урсгал дунд явдаг сэдэв, асуудлыг нэг хүнд нялж, “Элийрэгч” нэртэй би хамгийн их гутаасан хүн гэгдэж байгаагаа ойлгохгүй байна. Үнэхээр доромжилсон үг мөн гэж үзэж байвал мэргэжлийн хүмүүсээр нь монгол хэлний найруулга зүйн түвшинд тайлбарлуулж “Доромжилсон үг мөн юм” гээд тодорхойлоод гаргаад ирэх хэрэгтэй.

-“Жонхуу” гэх нэршлийг та яагаад ашиглах болсон бэ?  

-Энэ нэршил хэзээ, хаанаас гарсныг мэдэхгүй. Цахим орчинд төдийгүй, амьдрал дээр эрхэлж буй бизнес, компанийнх нь нэр, олон нийтийн эгдүүцэл болоод инээдийг хүргэсэн үйлдлээр нь хүнийг хочилж нэрлэх тохиолдол бишгүй л олон байдаг шүү дээ. Хаанаас гаргаж хэрэглэснийг олохын тулд миний ой санамжийг ухаж тогтоох ямар ч үндэслэл байхгүй. Эсвэл миний цахим аккаунтуудыг ухаж “Хэзээнээс хэрэглэх болсон, тэр нь Ерөнхийлөгчид хаяглагдсан байсан уу, тухайн үед Ерөнхийлөгч байсан юм уу” гэдгийг тогтоох уу.

-Өөрийг тань ерөнхийлөгч рүү хандсан жиргээг тодорхой зорилготойгоор олон нийтийн сүлжээгээр тараасан гэж үзэж байгаа юм билээ. Та нийгэм улс төрийн талаарх шүүмжлэлүүдээ олон нийтийн сүлжээгээр нээлттэй бичиж цацдаг хүмүүсийн нэг. Таны бичиж нийтэлж буй зүйлүүд ямар зорилго агуулдаг вэ?

-Надад ямар зорилго байх вэ дээ. Би өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг л гэж ойлгож байгаа. Ямар зорилготой байсныг цаадуул нь тодорхойлно уу гэхээс биш, өмнөөс нь би ярих эрхгүй. Харин “Жонхуу, Ёорк, Еөк” гэж бичиж байгаа минь ямар зорилго агуулах ёстой байсан юм. Хэрэв зорилготой гэж хардаж байгаа бол “Би Ерөнхийлөгчийг яах зорилготой” байсан байж таарах вэ. Огцруулах юм уу, хамт өрсөлдөх гээд байгаа юм уу, улс  төрийн нөлөөлөл үзүүлэх юм уу. “Жонхуу” гэдэг үг доромж үг мөн үү. Тэр нь илтээр хүний алдар хүндэд халдсан уу, халдсан бол ямар нөлөө үзүүлсэн зэрэг хэмжүүрийг гаргаж ирэх хэрэгтэй байх. Гүтгэсэн гэж үзэж байгаа бол яг ямар гэмт хэрэгт яаж гүтгэгдсэн нь тодорхой байх ёстой. Гүтгэсэн гэгдээд байгаа миний жиргээнд нэг ч хүний нэр, нэг ч үйл явдал байхгүй.

-НАДААР ДАМЖУУЛАН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ДУУГАРАХ ЭРХИЙГ БООГДУУЛАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА-

-“Ерөнхийлөгчийн тамгын газар цагдаад гомдол гаргахдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн болов уу” гэдэг зүйлийг олон хүн цахим орчинд бичиж, эргэлзэж буй нь анзаарагдсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийлөгчийн тамгын газрынхан дангаараа шийдэж болдог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй юм. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, нэр хүндэд нь халдаж байна гэж үзээд тийм шийдвэр гаргасан эсэхийг би мэдэхгүй. Миний бодлоор өнөөдрийн ерөнхийлөгч Ардчилсан нам буюу ардчиллын тулгуур зарчмуудыг хамгаалах ёстой ард түмний төлөөлөгч. Эв нэгдлийг хангах, иргэдийг төрөөс хамгаалах элч гэж би ойлгож байсан юм. Тийм биш юм шиг байна. Эсрэгээрээ төрөө иргэдээс хамгаалдаг, үзэл бодлоо илэрхийлж хардах эрхийг хаах гэж оролдлоо. Улс төрийн үзэл бодлоор эвлэлдэн нэгдэх эрх рүү ч халдаж магадгүй нөхцөл байдал үүсчихлээ гэж харж байгаа. Харамсалтай байна.

Та одоо шүүхэд гомдол гаргах бодолтой байгаа юу?

-Дараа дараагийн шатны шүүхийн байгууллагад гомдол гаргана. Ядаж юунд буруутгагдаад байгаагаа мэдэх эрхтэй. Яг юунд буруутгагдаад байгаагаа ойлгохгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн онд нийтийн дунд өрнөсөн халуун үйл явдлын талаар сэтгэгдлээ бичсэн юм шиг байгаа юм. Хэн нэгэн рүү чиглүүлж, нэр усыг нь зарлаж бичсэн эсэхээ санахгүй байна. Цахим орчинд өдөрт олон мянган үйл явдал өрнөдөг.

-Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан таны твиттер хуудсыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах газарт гаргаад байгаа юм билээ. Фейсбүүк хуудсыг тань 30 хоногоор хаасан гэх мэдээлэл бий?

-Ээж маань надад мэдэгдэх хуудас авч ирж өгдөг орой, миний фейсбүүх хуудас хаагдсан байсан. Яг тэр өдөр миний фейсбүүкт блок үүссэн байсан юм л даа. Тухайн үед надтай үзэл бодол нийлдэггүй нөхдүүд хаачхаж гэж бодож, хардсан. Гэтэл одоо бодоход миний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь хаах үүднээс эрхийг минь хязгаарласан гэж хардаж байна. Хэрвээ намайг буруутай гэж үзээд шийтгэсэн бол хоёр шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй. Байлаа гэж үзэхэд, хувь хүний өмч рүү  ингэж дайрч болох уу. Монгол Улсын хуулиар бус үүсгэн байгуулагдсан нутаг дэвсгэрийнхээ хуулиар зохицуулагдах ёстой. Хэн нэгэнд халтай байсных нь төлөө амыг нь барих гэсэн оролдлого хийж байна гэж харлаа. Би жирийн иргэн хүн. Өөрийнхөө хардах сэрдэх эрхийг эдэлж байгаа. Гэтэл надаар дамжуулан хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн эсрэг дуугарах эрхийг боогдуулах ажиллагаа явуулж байна.

-БИ БУРУУТАЙ Ч БАЙЖ МАГАД. ГЭХДЭЭ НАДАД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ, ТАЙЛБАР ӨГӨХ, МЭТГЭЛЦЭХ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ-

-Та байцаагчтайгаа уулзаагүй байгаа юу?

-Уулзаагүй. Нийт хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, ардчилсан улс орон байх зарчмын тулгуур эрхийг эдлүүлэх процессыг хуулиар далайлган дарангуйлж байгаад харамсч байна. Ардчиллын дэвсгэр суурь бүрдсэн бусад улсуудад үзэл бодлоо хурцаар илэрхийлэх эрх нь нээлттэй байдаг. Хардах байтугай, доромжлох эрх нь нээлттэй. Би “Тэдэн сарын тэдний өдөр, тийм нэртэй хүн, ийм гэмт хэргийг, ингэж хийсэн” гэх мэтээр гүтгэсэн шинж чанартай буруу мэдээлэл тараасан бол өөр хэрэг. Эсвэл олон нийтийг уриалж, хэн нэгний амь насанд заналхийлсэн, төрийн хуулийн эсрэг зандалчилсан, турхирсан утга агуулгатай зүйл байсан бол хамаа алга. Гэтэл тухайн үед өрнөж байсан үйл явдлын талаар сэтгэгдэл бичсэн л төдий.

-Олон нийтийн зүгээс таны оролцоогүйгээр процесс өрнүүлж торгуулийн шийтгэл оногдуулсан гэдэгт эсэргүүцэлтэй хандаж байгаа нь анзаарагдлаа?

-Гайхаж байгаа гол зүйл энэ юм. Би “Над руу халдлаа” гэхээсээ илүү “Надад яагаад боломж олгоогүй юм бэ” гэдэг зүйлийг л хөндөж тавьж байна. Би мэдээгүй байхад яагаад намайг шийтгэчихсэн байгаа юм бэ. Энэ ямар учиртай юм бэ гэдэгт л эгдүүцэж байна. Хуулийнхаа процессоор явбал би буруутай ч байж магад. Гэхдээ надад өөрийгөө хамгаалах, тайлбар өгөх, мэтгэлцэх боломж олгох ёстой. Гэмт хэрэгт холбогдоод, тэр нь нотлох баримтаар тогтоогдсон байлаа ч тухайн хүнд эрх бий. Ийм наад захын энгийн зарчмыг яагаад хангаж чадахгүй байгаа юм бэ.

-“Ерөнхийлөгчийн мэдэлд шүүх засаглал байгаа учраас давсан ч ялагдах нь тодорхой” гэж хэлж байгаа хүн олон байгаа гэсэн. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Улс төрийн тогтолцооны хувьд үндсэн хуулийнхаа хүрээнд эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэхгүй, төрийн дарангуйллыг үүсгэхгүй гэсэн анхдагч зорилготой. Гэтэл тэр анхдагч зорилго нь замхарч эрх мэдлийг хуваан авч хуваарилдаг, өөрийнхөө гарч авсан эрх мэдлийг дарангуйллын зэвсэг болгон ашигладаг жишгийг ардчилал байгуулагдах хугацаанд бид харлаа. Сүүлийн үед хууль хүчний болон шүүхийн байгууллага бие даасан байдлаа алдаж, эрх бүхий этгээдүүдийн даалгаврыг биелүүлдэг болж хувирч байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд бий. Би ч ийм бодолтой байгаа хүмүүсийн нэг. Өөрийнх нь томилсон шүүгч, эрх бүхий этгээдийнхээ эсрэг шийдвэр гаргахгүй байх л даа. Ингэж хардаж байна. Магадгүй би яалт ч үгүй буруутай байвал хүлээж авна. Гэхдээ мэтгэлцэх эрхийг надад хэрхэн олгохоос хамаарна. Эрхээ хамгаалж мэтгэлцэх боломж өөртөө үүсгэхийн төлөө ажиллана. Энэ  үйл явдлыг ингээд орхиж болохгүй. Тэмцэнэ.

-ТӨР БОЛ АРД ТҮМНИЙ ХАМТРАН БАЙГУУЛСАН БАЙГУУЛЛАГА БОЛОХООС Х.БАТТУЛГА ГЭДЭГ ХҮНИЙ ӨМЧ БИШ-

-Ардчилсан улсын иргэн гээд юу дуртайгаа хэлж, хэн дуртайгаа доромжлох ёстой юу гэдэг шүүмжлэлийг хэлэх хүмүүс ч байна. Энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Төр гэдэг бол тухайн ард түмний хамтран байгуулсан байгууллага. Тэрнээс биш Х.Баттулга гэдэг хүний өмч биш. Тэр байгууллагыг хэнээр удирдуулах вэ гэдгийг ардчилсан чөлөөт сонгуулиар шийднэ. “Намайг сонго, би та нарыг хамгаална” гэсэн хүн үндсэн хуулийн үзэл санааны зарчим, ардчилсан эрхүүдийг төрөөс хамгаалагч бамбай болох ёстой. Төрийг ганцхан Х.Баттулга гэдэг хүн бүрдүүлдэггүй. Засгийн газар, гишүүд, төрийн байгууллагууд иргэдийн эрхийг хамгаалах зарчмаасаа байнга гаждаг. Түүнийг тэнцүүлэх хүч нь ерөнхийлөгч мөн. Гэтэл тэдэнтэйгээ нэгдэн нийлж иргэдээ нухчин дарах зорилгыг иргэд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийг Уянга ганцаараа төлөөлж яриад байгаа юм биш. Уг нь миний яаж явах нь хэнд ч хамаагүй л дээ. Гэхдээ иргэд нэг л зүйл дээр нэгдэж байгаа. Энэ асуудал Уянгынх биш миний ч бас асуудал юм байна гэдгийг ойлгож, нэгдэж байна. Уламжлалт үзэлтэй хүмүүс төрөө дээдлэх ёстой гэж хэлж, ярьдаг. Уучлаарай, өнөөдөр 13-р зуун биш, 21-р зуун. Би дуугүй явж ирсэн. Хүний бухимдал, дургүйцэл дээд цэгтээ хүрэхээр яадаг билээ дээ.

-Таныг “MAD Mongolia” компанийн захирал, гадаадад амьдардаг, олон дагагчтай жиргээч гэдгээр чинь олон нийт андахгүй мэддэг. Хэзээнээс олон нийтийн цахим орчинд жиргэх болов оо? 

-Сошиал медиад би арай эрт орсныхоо хувьд дагагчид болон эсэргүүцэгчид олонтой. Сайнаар ч хүлээж авах хүмүүс бий, муугаар хэлэх хүмүүс ч бий. Хүн бүр өөрийнхөө зөв гэсэн байр суурийг хамгаалж явх ёстой байдаг. Би өнөөдөр ганцхан Уянга гэх өөрийнхөө нэр, амбицийн төлөө биш миний үр хүүхдүүд, миний амьдрах орчин, баталгаат ирээдүйн төлөө дуугарч байгаа. Адал явдал дутсандаа биш юм.  

-Ярилцсанд баярлалаа.