БАРИМТ: Халдварын голомт болоод буй “Баянзүрх-Эмнэлэг” одоогоос 23 жилийн өмнө хувьчлагджээ

БАРИМТ: Халдварын голомт болоод буй “Баянзүрх-Эмнэлэг” одоогоос 23 жилийн өмнө хувьчлагджээ

Улаанбаатар хотод халдварын шинэ голомт үүсэж, иргэдийн хөдөлгөөнийг дахин 14 хоног хязгаарлаад байна. Учир нь энэ сарын 17-нд /2020.12.17/ Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр тус эмнэлэг халдварын томоохон голомт болсон бөгөөд одоогоор тус эмнэлгийн 82 өвчтөн, 19 эмч, сувилагч, 24 сахиур, 28 гэр бүлийн хамаарал бүхий иргэн гээд нийт 184 иргэн халдвар авсан нь тогтоогдоод байна. 

Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтал болсон 600 гаруй иргэдийг тусгаарлан шинжилгээ авч буй ч зарим эрдэмтэд “Баянзүрх дүүрэг дээр гарсан голомт нэгэнт нийтэд, хүн амын дунд тарсан учир амархан хумигдах боломжгүй. Эрдэмтдийн хийж буй тооцоо судалгаагаар нэгдүгээр сарын 6-н гэхэд энэ халдварын голомт сайн хумигдахгүй, халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байх  магадлалтай” хэмээн үзэж буй юм.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТАВАН ИРГЭН ХЭН БЭ-

Харин тус эмнэлэг халдварын томоохон голомт болсны зэрэгцээ төрийн өмчийн байгууллага биш, аль хэдийн хувьчлагдсан байсан талаарх мэдээлэл гарснаар иргэдийн анхаарлыг ихээхэн татаад байна.Тодруулбал, тус дүүргийн эмнэлэг тэртээ 1997 онд төрийн мэдлээс гарч, хувьд шилжжээ. Харин өнгөрсөн хугацаанд энэ талаарх ойлголт иргэдийн дунд тун нууцлаг байсан нь хачирхалтай. 

Тэгвэл тухайн үед Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн гэрээ байгуулж, эмнэлгийг удирдуулах тендерийг 1997 оны 5 дугаар сард зарлажээ. Улмаар Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/217 тоот тушаалаар тендерт Б.Даш-Яндаг ахлагчтай багийг шалгаруулж, 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ё.Тэрбиш, Баянзүрх дүүргийн Засаг дарга Р.Амарсайхан, эмнэлгийн удирдлагын багийн ахлагч Б.Даш-Яндаг нар менежментийн гэрээнд гарын үсэг зурж, эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлснээр “Баянзүрх эмнэлэг” хувьд шилжсэн байна. 

Одоо тус эмнэлэг “Баянзүрх-Эмнэлэг” ХХК гэх хуулийн этгээдийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмнэлгийн Ерөнхий захирлаар Б.Даш-Яндаг гэх хүн ажилладаг бол гүйцэтгэх захиралаар Ө.Туул гэх хүн ажилладаг. 

Эх сурвалж: УБЕГ

Харин хувьцаа эзэмшигчдээр Ш.Дэнсмаа, У.Тунгалаг, М.Оюунчимэг, Ж.Энхтайван, Б.Даш-Яндаг гэх таван байдаг бөгөөд, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар Ө.Туул гэх иргэн бүртгэгджээ.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ГЭЖ ОЧСОН ИРГЭДИЙГ “ОР БАЙХГҮЙ” ГЭСЭН ШАЛТГААНААР ТӨЛБӨРТЭЙ ӨРӨӨНД ОРУУЛДАГ БАЙСАН УУ-

Баянзүрх дүүрэг бол нийслэл хотдоо хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог, 380 гаруй мянган хүн амтай. Харин 1997 оноос Баянзүрхчүүд эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Учир нь тухайн эмнэлэг хэвтэн эмчлүүлэх гэж очсон иргэдийг “ор дүүрсэн” гэсэн шалтгаанаар үргэлж төлбөртэй өрөөнд орохыг санал болгодог байна. 

Үүнээс гадна зарим эх сурвалжууд “коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байхад тус эмнэлгийн эмч нар тасгуудаар амны хаалтгүй явдаг байсан” хэмээн мэдээлж байсан. 

Энэ бүхнээс үзэхэд Баянзүрх дүүргийн эмнэлэг халдвар хамгаалалтын дэглэмийг тун тааруу сахиж байсан бололтой. Мөн жил ирэх тусам үйлчилгээ нь муудаж, эмчлүүлэхээр ирсэн иргэдээс мөнгө нэхдэг тухай гомдол сүүлийн жилүүдэд тасрахаа байжээ. Коронавирусийн халдварын үед хамгийн эрсдэл бүхий газар бол эмнэлгийн байгууллагууд гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна. Харин УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “энэхүү онцгой нөхцөлд халдвар хамгаалалтын дэглэмийг алдаж, хариуцлагагүй ажилласан төр, хувийн гэлтгүй бүх эмнэлгийн байгууллагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу хамгийн анх эрүүл ахуйн дэглэмийг сахилгүй, халдварыг дотооддоо алдсан “Энхсаран” сувиллын газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.