ШАЛГАЛТ: Шинжилгээ авч байгаа эмч нар хамар, залгиураас сорьц авч чадахгүй байгаа нь илэрчээ

ШАЛГАЛТ: Шинжилгээ авч байгаа эмч нар хамар, залгиураас сорьц авч чадахгүй байгаа нь илэрчээ

Энэ сарын 1-нээс эхлэн хөдөө орон нутаг руу буцах иргэдийг нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт хуваарилан коронавирусийн шинжилгээ авах үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Харин шинжилгээ авах явц “иргэдийг нэг дор олноор бөөгнөрүүлсэн, шинжилгээний хариу цагтаа гараагүй, компьютер гацаж үйл ажиллагаа доголдсон“ зэргээр олон нийтийн шүүмжлэлд өртөж, иргэдийн бухимдлыг төрүүлж байсан. 

Тэгвэл энэ мэт санал гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас “шинжилгээний цэг”-үүдэд шалгалт хийжээ.

Гэтэл тус шалгалтаар “шинжилгээний цэг”-үүдийн дүн тун тааруу гарсан бөгөөд эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангаагүй, мэргэжлийн ур чадвар дутмаг, туршлагагүй эмч, сувилагч нар иргэдээс шинжилгээ авч байсан нь тогтоогдсон байна. Тиймээс гарсан зөрчлүүдийг яаралтай арилгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд зөрчил арилгуулах албан бичгийг илгээжээ. 

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд

-ЭМНЭЛГИЙН ЭРСДЭЛТЭЙ ХОГ ХАЯГДЛЫГ ЭНГИЙН УУТАНД ХАДГАЛЖ БАЙЖЭЭ-

Тус шалгалтаар тухайлбал дараах зөрчлүүд илэрчээ: 

  1. Хамар залгиураас авсан сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүйн улмаас сорьц солигдож иргэдийн нэр, хаяг солигдсон (үүний улмаас зарим шинжилгээ өгөөгүй иргэдийн гар утсанд “таны шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэсэн зурвас очсон байж болзошгүй)
  2. Хамгаалах хувцасны хэрэглээ хангалтгүй байсан тул шинжилгээ авах цэгт ажиллаж байгаа эмч нар бүтэн өдрийн турш нэг хувцастай ажилласан
  3. Нэг удаагийн зориулалттай амны хаалтыг халаагуурын систем буюу пааран дээр тавьж давтан хэрэглэсэн
  4. Халдвартай хог хаягдлыг хийх шар өнгийн уутны хэмжээ жижиг, нөөц бага мөн хогийн саванд багадсан тул бохир буюу хэрэглэсэн хамгаалах хувцас хэрэгслийг энгийн хог хаягдлын хар өнгийн уутанд цуглуулсан. Энэ нь Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай тушаалыг зөрсөн. (Үүнээс үүдэн Улаанчулуут, Цагаан даваа зэрэг хогийн цэг дээр халдвартай иргэдэд ашигласан шинжилгээний хог хаягдлыг ил задгай хаясан байна гэсэн мэдээлэл тарсан байж болзошгүй)
  5. Шинжилгээ авч буй цэгийн ариун цэврийн өрөөнд халдвартай хог хаягдал хийсэн хар ууттай их хэмжээний хогийг түр хадгалсан
  6. Иргэдийг оруулж, гаргаж буй урсгал зохион байгуулалт буруу, шаардлагатай өрөө тасалгааг бэлтгээгүй
  7. Шинжилгээ авч байгаа цэгийн улаан бүсэд мэргэжлийн бус хүн (сургуулийн багш, үйлчлэгч г.м) ажиллуулсан
  8. Сорьц авч буй өрөөний хогийн сав таггүй
  9. Иргэдийн биеийн халууныг үзээгүй, гарыг ариутгаагүй
  10. Шинжилгээний цэгт ажиллаж байгаа эмч нар хамар залгиураас сорьц авах техник эзэмшүүлэх сургалтад хамрагдаагүй. Зарим цэгүүдэд чих, хамар, хоолойн нарийн мэргэжлээр сурч байгаа резидент эмч нар сорьц авч байгаа боловч ур чадвар, дадлага туршлага дутмагаас болж шинжилгээг буруу авсан (бамбар цус болгосон)
  11. Шинжилгээний сорьцыг хадгалж байгаа хэм нь тодорхойгүй, хөргөгч болон сорьц зөөвөрлөх саванд термометр байрлуулаагүй, хэлхээний төлөв алдагдсан” зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөн энэ сарын 5-ны өдөр УОК-оос үүрэг өгсний дагуу Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч ХӨСҮТ-д шалгалт хийхэд олон зөрчил илэрч байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тиймээс хамгийн эрсдэлтэй хэсэг болоод буй эмнэлгийн байгууллага, шинжилгээ авах цэгүүд эрүүл ахуй, халдвар хамгаалалтын дэглэмийг чандлан сахиж, хянамгай ажиллах нь энэхүү хүнд цаг үед хийх хамгийн чухал алхам болоод байгаа аж.