Б.Мөнхтэнгэр: Эрэгтэй хүмүүсийг доромжлох гэж биш, хүүхэд шиг занг нь өхөөрдөж бичлэг хийсэн юм

Б.Мөнхтэнгэр: Эрэгтэй хүмүүсийг доромжлох гэж биш, хүүхэд шиг занг нь өхөөрдөж бичлэг хийсэн юм

Дотоодод коронавирусийн халдвар алдагдаж, бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор гэртээ “хоригдсон” иргэд  уур бухимдлаа цахим сүлжээнд илэрхийлэх нь түгээмэл болсон. Тэгвэл нэгэн бүсгүй эерэг энерги түгээн, бусдад инээд бэлэглэхийн тулд эрэгтэйчүүдийн өдөр тутамдаа гаргадаг үйлдлээс санаа авч, хошин байдлаар илэрхийлсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй хандалт аваад байна. Түүнийг Буянтогтохын Мөнхтэнгэр гэдэг. Тэрээр хоёр жилийн өмнө Увс аймгаас хотод ирсэн арван жилийн охины дүрээр “нутгийн аялгуу” гэсэн сэдвийг хөндөж, анхны бичлэгээ хийж байсан юм.

Тухайн үед Солонгос улсад оюутан байсан учир цаг зав төдийлөн гардаггүй, зөвхөн сургууль, хичээлдээ л анхаарч хэсэг хугацаанд бичлэг хийхээ больжээ. Харин саяхнаас дахин бичлэг хийж эхлэн, бүр өөрийн “youtube” сувгийг нээгээд амжсан байна. Бид Б.Мөнхтэнгэртэй сүүлийн бичлэг хийгээд түүний үзэл бодол, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

-БИЧЛЭГҮҮДЭЭ УРЬДЧИЛЖ ТӨЛӨВЛӨЖ, БЭЛДЭЖ ХИЙДЭГГҮЙ. ТУХАЙН ҮЕД ЮУ БОДОГДОЖ БАЙНА, ЮУ МЭДРЭГДЭЖ БАЙНА ТҮҮНИЙГЭЭ Л ИЛЭРХИЙЛДЭГ-

-Сайн байна уу. Таны бичлэг сүүлийн үед олон нийтийн сүлжээнд их “тренд” болж байна. Хүмүүс таныг бичлэгээр тань мэддэгээс биш хувь хүнээр тань нэг их мэддэггүй байх. Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн.Сайн байна уу. Намайг зарим хүн фейсбүүк дээр бичлэг хийдгээр маань мэддэг байх. Гэхдээ фейсбүүкийн нэр маань миний жинхэнэ нэр биш, англи хэл дээр байдаг болохоор хүмүүс гудамж таарахаараа “хүүе нөгөө хэн явж байна” гэх тохиолдол их гардаг/инээв/. Намайг Б.Мөнхтэнгэр гэдэг. Одоогоор Солонгос улсад ажиллаж, амьдарч байна. Бакалавраа Монголд Солонгос хэлний орчуулагч, аялал жуулчлалын чиглэлээр төгсөж, таван жилийн өмнө Солонгос улсад ирсэн. Саяхан энд Солонгос хэл, утга зохиол, хэл зүйн мэргэжлийн чиглэлээр магистраа хамгаалсан байгаа.  Одоогоор хувийн бизнес эрхэлж байна.

-Гэр бүлийн тань талаар асууж болох уу. Нөхөртэй юу?

-Гэр бүлийн хувьд би дээрээ их олон ах, эгчтэй, өнөр бүлийн хамгийн бага охин. Харин одоо  тусдаа гарчихсан, нөхөртэйгөө амьдардаг.

-Таны хамгийн сүүлчийн бичлэгийн тань талаар ярилцъя. Эрэгтэй хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйлийг хөгжилтэй байдлаар илэрхийлсэн байсан. Ер нь санаа, сэдэл нь яаж төрсөн бэ?

-Би ер нь бичлэг хийхдээ нэг их бодож төлөвлөөд, эсвэл хүмүүсийн захиалгаар бэлэн текст уншиж хийдэггүй ээ. Анх хоёр жилийн өмнө би олон нийтийн сүлжээнд бичлэг оруулж байсан. Тэр бичлэгт Увс аялгатай, хөдөөнөөс ирсэн оюутан хүүхэд хотод ирээд аялгаасаа болж шоолуулж байгаа талаар гардаг. Тухайн үед нэлээдгүй хандалт авч байсан юм. Түүнээс хойш нэг их бичлэг хийгээгүй. Яагаад гэвэл оюутан болохоор нэлээн завгүй байдаг байлаа. Харин өнгөрсөн хоёрдугаар сард коронавирус гарч, Солонгост сургууль, соёл гээд бүх зүйл нь зогссон.  Тэр үеэс зав чөлөө гарч эхэлсэн учраас янз бүрийн хөгжилтэй бичлэг хийж, фейсбүүктээ оруулж эхэлсэн юм. Ер нь бичлэгүүдээ нэг бүрчлэн бодож төлөвлөж, хийдэггүй. Яг л байгаараа, надад тухайн агшинд юу мэдрэгдэж байна, түүнийгээ л хошин шогийн хэлбэрт оруулж ярьдаг.

Тухайлбал, сүүлийн бичлэгийг хоол хийж зогсож байтал гэнэт санаа орж ирээд л хийчихсэн. Бичлэгний доор зарим нэг хүн “Өөрөө л ийм нөхөртэй суусан болохоор ингэж байгаа юм” гэж бичсэн байсан. Би зүгээр л хүмүүсийг хөгжөөхийн тулд “жоке” хэлбэрээр хийсэн бичлэг шүү дээ. Эндээс зарим хүн аливаад дүнгэлт хийхгүйгээр, шүүлтүүргүйгээр шууд л хүлээж авч байгаа нь харагдаж байгаа юм. Нөгөөтээгүүр би эрэгтэй хүмүүсийг доромжлох гэж биш, харин ч хүүхэд шиг занг нь өхөөрдөж хэлсэн. Аав болон ах нараасаа сэдэл гаргаж, хөгжилтэй байдлаар хийхийг хичээсэн гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

-Таныг зарим хүн жүжигчний сургуульд сурдаг гэх мэтээр бичсэн байсан. Ер нь багадаа жүжгийн сургалт, дугуйланд явдаг байв уу?

-Зарим хүн намайг “СУИС-ийг төгссөн үү”, “Одоо жүжигчний анги уу” гэх мэтээр их асуудаг. Гэтэл би СУИС байтугай, жүжгийн дугуйланд ч явж байгаагүй ээ/инээв/. Харин хоёр жилийн өмнө  Увс аялгатай хүүхдийн талаар бичлэг оруулснаас хойш хүмүүсийн анхааралд өртөж, маш олон найруулагч “Чи арван жилийн хүүхэд юм уу, оюутан юм уу”, “Чамайг уран бүтээлдээ тоглуулмаар байна” гэж их холбогдсон. Тэр дунд алдартай найруулагч, жүжигчид ч жижиг дүрийн санал тавьж байсан. Харин би төгсөх ангийн оюутан байсан болохоор маш завгүй, нөгөөтээгүүр үндсэн мэргэжил маань жүжигчин биш болохоор Солонгосоос ирж тоглох боломжгүй байсан юм. Тэгээд л  бүгдэд нь татгалзсан хариу өгсөн дөө. Одоо бодоход бага зэрэг харамсдаг. Учир нь тухайн үед нэг ч гэсэн дүрийн саналыг авсан бол өөрийгөө арай олон талаас нээх байсан юм болов уу гэж боддог.

-ХҮМҮҮСЭЭС ИРДЭГ СӨРӨГ СЭТГЭГДЛИЙГ ТООХОО БОЛЬСОН.
ОДОО ИНЭЭГЭЭД Л ӨНГӨРДӨГ-

-Увсын хүүхдийн дүрээр хийсэн бичлэгийг тань үзсэн. Увс аялгаар их сайн ярьж байсан. Та Увсад өссөн үү?

-Аав маань Ховдын Дуут сумын малын эмч хүн. Ээж маань Увсын Хяргас сумынх. Бас малын их эмч. Би аав ээжийнхээ хэнз хүүхэд л дээ. 40 гаруй настайд нь төрсөн. Миний суурь хүмүүжил бол аав, ээж бас Монголын радионоос ихээхэн хамаарсан гэж хэлж болно. Увс аялгын хувьд өөрийгөө муу ярьдаг гэж хэлнэ. Яагаад гэвэл би Увс аймагт, бас Ховдод очиж үзээгүй. Ер нь Улаанбаатар хотод өсөж торнисон хүүхэд. Анх Увс аялгаар ярьдаг бичлэгийг Цагдаагийн газартай хамтарч хийж байсан. Гол санаа нь жил бүр маш олон хүүхэд хөдөөнөөс оюутан болж ирдэг. Гэтэл хүүхдүүд аялгаасаа болоод шоолуулах тохиолдол их цөөнгүй гардаг. Тиймээс хүүхдийг аялгаас нь болж хэцүү байдалд битгий оруулаарай, нутгийн аялга гэдэг Монгол хэлний маш том баялаг, цааш яривал өв соёлын нэг хэсэг. Тэр талаас нь харуулах гэж бичлэг хийж байсан. Хамгийн гоё нь тэр бичлэгийг орсны дараа маш олон арван жилийн хүүхдүүдээс “Таньд их баярладаг шүү, Таны бичлэгийг үзсэн хүмүүс нутгийн аялгыг өөрөөр харж, хандлага нь өөрчлөгдсөн шүү” гэсэн эерэг сэтгэгдэл ирсэн. Тэр хүүхдүүдийн үгээс их урам зориг авч байсан.

-Ер нь олон хүний хандалт авах тусам сөрөг сэтгэгдэл ч бас ирдэг. Таны хувьд сөрөг сэтгэгдэлд хэр ач холбогдол өгдөг вэ, ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

-Би өмнө нь сөрөг сэтгэгдэл бүрт анхаарал хандуулж, энэ хүн яагаад бухимдаад байгааг мэдэх гэж хариу өгдөг байсан. Тэгтэл нэг удаа эвгүй зурагтай  “Амьдрах сайхан” гэсэн хаягтай хүн сөрөг сэтгэгдэл бичсэн байсан. Тэр хүнд ямар ч амьдралын талаар ойлголт байгаагүй, зүгээр л бүх зүйлийг сөрөг нүдээр хардаг хүн байсан. Тухайн үед тийм хүний сэтгэл зүй, надад ерөөсөө сонин биш санагдсан юм. Интернет чинь өөрөө хамгийн харанхуй орчин. Тиймээс маш бодлоготой, болгоомжтой олон нийтийн сүлжээнд бичлэгээ оруулах хэрэгтэй гэж ялангуяа жаахан дүү нартаа хэлмээр байна. Сөрөг сэтгэгдэл, элдэв доромж үгтэй зурвас бичдэг маш олон хүн бий. Тэр бүгдийг зүгээр л тоохгүй орхидог. Одоо бол инээгээд л өнгөрдөг болсон. Сөрөг хүмүүст биш харин бичлэгийг минь эерэгээр хүлээн авч дэмждэг хүмүүст л анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Бичлэг хийж, олон нийтийн хараанд өртөөд ирэхээр гэр бүлийнхэн тань яаж хүлээж авч байна. Магадгүй сөрөг сэтгэгдлийг хараад таныг хамгаалахын тулд бичлэг битгий хий гэж хэлсэн тохиолдол гарч байв уу?

-Мэдээж эерэгээр хүлээж авсан. Гэхдээ таны хэлж байгаагаар сөрөг сэтгэгдлийг хараад “больсон нь дээр юм биш үү” гэж аав, эгч нар маань хэлж байсан. Бичлэг хийхгүй хэсэг завсардсан нь үүнээс бас тодорхой хэмжээгээр шалтгаалсан л даа. Харин одоо нөхрийнхөө 100 хувийн дэмжлэгтэйгээр бичлэг хийж, “Youtube” суваг хөтлөх гэж байна. Нөхөр маань намайг бүхий л үед чин сэтгэлээсээ дэмжиж, урамшуулж байдаг. “Уулын мод урттай, богинотой гэдэг шиг ямар ч зүйл дээр сөрөг сэтгэгдэл, сөрөг хандлага гарч л байдаг. Тэр бүхэн дээр сэтгэлээр унаад байвал юу ч бүтэхгүй. Тиймээс нэгэнт сэтгэл шулуудсан бол зоригтой байх хэрэгтэй. Би чамайг ямар ч зүйл дээр дэмжинэ” гэж байнга намайг урамшуулдаг. Нөхрийнхөө дэмжлэгээр л би “Youtube” суваг нээхээр шийдсэн.

-БИ ЗҮГЭЭР Л ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ ЗҮЙЛИЙГ ХИЙГЭЭД ЯВАХ БОЛНО. ТҮҮНЭЭС БИШ ХҮМҮҮСИЙГ ЗААВАЛ НАДААС НЭГ ЗҮЙЛ СУР, НЭГ ЗҮЙЛ “АВ” ГЭЖ ХЭЛЭХГҮЙ-

-“Youtube” сувгийнхаа талаар яриач. Яг ямар чиглэлийн суваг байх вэ?

-“Youtube” сувгаа нээчихсэн байгаа. Өөрийнхөө нэрээс санаа авч “Tenger tv” гэж нэрлэсэн. Сувагтаа улирал, улирлаар өөр өөр сэдвийн дагуу сонирхолтой контентуудыг оруулна гэж бодож байна. Одоо коронавирус гарчихсан, хүмүүс хөл хорионд их стресс, уур бухимдалтай байна. Тиймээс эхний улиралд хүмүүсийг эерэгжүүлж, үнэгүй витаминжуулах зорилготой хөгжилтэй бичлэгүүдийг хийнэ гэж төлөвлөсөн. Мэдээж өмнөх бичлэгүүдээс илүү чанартай байлгахын тулд хичээж байгаа. Ерөнхийдөө гуравдугаар улирал хүртэл гарах бичлэгүүдийнхээ сэдвүүдийг бодоод төлөвлөчихсөн. Цаашдаа хүмүүсийн санал, сэтгэгдлийг бас сонсож, контентоо үргэлжлүүлнэ. Сувагт маань зөвхөн хүмүүсийг хөгжөөх биш мөн танин мэдэхүйн сэдэвтэй бичлэг ч орох болно.

-Хийж байгаа бичлэгүүдэд  тань мэдээж таны үзэл санаа тодорхой хэмжээгээр шингэчихсэн байгаа шүү дээ. Ер нь та бичлэгүүдээрээ дамжуулж хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ. Таны бичлэгүүдийн гол зорилго юу вэ?

-Энэ талаар яривал маш олон зүйлийг ярих хэрэгтэй болох байх/инээв/. Энгийн тайлбарлавал, өнөөдөр Монголчууд бид гурван саяуулахнаа. Бусад том гүрнүүдтэй харьцуулбал, зүгээр нэг муж улсын хэмжээнд хүрнэ шүү дээ. Тэгэхээр эдийн засаг, шинжлэх ухаанаараа давамгайлан гарч ирэхэд тун хэцүү. Үүн дотроос нэг ч гэсэн хүн Монголоо сурталчилж, Монгол хүний энергийг шингээсэн зүйл хийвэл сайхан шүү дээ. Би тийм л “youtuber” болохыг хүсдэг. Би зарим нэг “инфлүүсэрүүд”/influencer/-ийн адил хүмүүсийг ингэ, тэг, надаас заавал нэг юм “ав” гэж хэлэхгүй. Би зүгээр л өөрийнхөөрөө хийх дуртай зүйлээ л хийхийг хүсэж байна.

-Нэг талаар таны бичлэгүүд таны ахуйтай нягт холбоотой байх. Өөрөөр хэлбэл чөлөөт цагаараа хийх дуртай зүйлсээс тань бичлэгүүдийн санаа бас урган гардаг байх. Ер нь чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Оюутан байхдаа Солонгосын комик номуудыг монгол хэл рүү хөрвүүлдэг цагийн ажил хийдэг байсан. Сүүлдээ комикд дурлаж, комик их зурдаг болсон юм. Бас надад тавилгын дизайнер болох мөрөөдөл байдаг. Бага насны хүүхэд болон өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тусгайлан ая тухтай сандал, буйдан хийх миний хамгийн том мөрөөдөл. Тэр хүмүүст халуун дулаан тав тухтай сайхан мэдрэмж бэлэглэхийг хүсдэг. Үүндээ их цаг зав гаргадаг. Чөлөөт гэхээсээ илүү чөлөөгүй байсан ч цаг заваа гаргасаар л байдаг. Цахим сүлжээний хэрэгтэй, хэрэггүй, хар бараан мэдээлэлд цаг зав, залуу насаа өнгөрөхөөсөө илүү өөрийнхөө дуртай зүйлд бүх эд эсүүдээ зориулахыг хичээж байгаа. Хүнд ухаанаас өөр найз байхгүй гэдэг үгэнд би итгэдэг. Тийм болохоор өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбараа бэлтгэж, сургахыг хичээдэг дээ. 

-Хоёулаа ярилцлагаа өндөрлөх тийшээгээ хандуулъя. Та ярилцлагын эхэнд уран бүтээлд тоглоё гэсэн саналуудаас татгалзаж байсан даа харамсдаг гэж хэлсэн шүү дээ. Ер нь цаашид ийм санал ирвэл шууд зөвшөөрөх үү?

-Боломжтой бол мэдээж зөвшөөрнө. Гэхдээ надад санал тавьж буй хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг сайн гаргаж чадахгүй байх вий гэхээс бага зэрэг эмээж байна. Харин алдаа дутагдлыг минь засаж, дадлагажуулах журмаар хамтран ажиллах санал ирвэл баяртайгаар хүлээн авах болно.

-Баярлалаа. Таны хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай.

-Баярлалаа.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө