“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн дэд захирал Ж.Баянмөнх: Замын ачаалал ихэссэнээр авто тээврийн осол гарах магадлал их болж байна

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн дэд захирал Ж.Баянмөнх: Замын ачаалал ихэссэнээр авто тээврийн осол гарах магадлал их болж байна

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Дэд Захирал Ж.Баянмөнхтэй нүүрс тээврийн явц, замын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдал ачаалалөнөөдрийн байдлаар ямар байна?

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто зам сүүлийн хоёр сарын хугацаанд ачаалал эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар бүртгэлтэй буюу тээвэр эрхлэх зөвшөөрөлтэй 240 гаруй аж ахуйн нэгжийн 14,800 гаруй тээрийн хэрэгсэл авто замаар зорчиж байна. Замын ачаалал эрчимжиж нэмэгдсэнтэй холбогдоод авто тээврийн осол гарах магадлал их болж энэ хэмжээгээрээ тодорхой хэмжээний ослийн тоо нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байна. Цаг агаарын аюултай үзэгдэл, гамшиг тохиолдсон, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед ялангуяа тээврийн хөдөлгөөний эрчимжилтээс шалтгаалаад осол нэмэгдэх магадлал их  байдаг.

Ослын шалтгаан нөхцөл юунд байна?

Ослыг аль болох багасгахын тулд гэрээт цагдаагийн хэлтсийн хамт олонтой ажлаа уялдуулан зохион байгуулж байна. Хамгийн гол нь биднээс үл хамаарах шалтгаанаар осол гарах байдал их байна. Гол шалтгаан нь жолооч нарын өөрсдийн хариуцлага, сахилга батгүй үйлдэл, замын хөдөлгөөний дүрэм журам баримтлалгүй гүйцэт түрүүлэх үйлдлийг замын нөхцөл байдалдаа тохируулалгүй боломжгүй үед хийснээс замын хажуу руу унах, машины араас орох, шүргэлцэх гэх мэт байдлууд ажиглагдаж байна. Бидний зүгээс энэ байдлыг таслан зогсоохын тулд тухайн тээврийн хэрэгсэлийн компаниуд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга мэдэгдэл өгөх, зохих ёсны торгууль шийтгэврийг тавих зэргээр ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн энэ зам өдөрт 800 машины хөдөлгөөний эрчим даах стандарт хэмжээтэй байгуулагдсан байдаг. Гэтэл сүүлийн хоёр сарын байдлаар хоногтоо ойролцоогоор 1100-1200 зарим үед 1300-д хүрч тээврийн эрчимжилт нэмэгдэж байгаа. Энэ байдлаас үүдээд зам ачааллаа даахгүй байдал ажиглагдаж байна. Бидний зүгээс уурхайн нөхдүүдэд тавих хүсэлт бий. Тухайлбал авто замын зөвшөөрөл, тээврийн хэрэгсэлийн тоог нэмэхдээ тодорхой хэмжээний хязгаарлалт, зохицуулалт хийхгүй бол цаашдаа аваар ослийн тоо нэмэгдэх магадлал өндөр байна. Дээр нь хөдөлгөөний аюулгүй байдал талаас нь манай ХАБ-ын ажилтнууд сургалт зохион байгуулж байгаа хэдий ч хувь хүний ухамсаргүй үйлдлээс шалтгаалж аваар ослын тоо нэмэгдэж байна. Манайх энэ жилийн хувьд өөрсдийн бололцооны хүрээнд замын тодорхой хэсгүүдэд засвар, арчлалт, үйлчилгээний ажлууд хийж байна. Цаг агаарийн хүндрэлтэй нөхцөл, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад энэ ажлыг тодорхой хугацаагаар завсарлаж байна. Тээврийн эрчимжилттэй холбогдуулан манай хөдөлгөөнт эргүүлүүд гэрээт цагдаагийхантай  хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг өдөр тутам хийж байна.

Таны ярианаас замын ачаалал эрс нэмэгдэж, ачааллаа даахгүй байдал хүрч байгаа тухай ойлгогдож байна. Үүнийг хэвийн түвшинд барих боломж байхгүй юу?

Энэ зам чинь тодорхой стандарт, даацтай учраас яг тэр стандарт хэмжээнд нь манай компаниас өгсөн тоо хэмжээнд тааруулан квотоор тээврийн хэрэгслүүдээ нэмэх хасах ажил хийхгүй бол замын ачаалал цаашдаа ч улам нэмэгдэнэ. Ноднингийн өдийд 12.000-13.000 машин байсан бол одоо 15.000-д дөхөж байна. Хоосон тал, ачаатай талаа тооцож үзэхэд 24 цагийн хугацаанд 2000-аас хол илүү гараад явчиж байна. Энэ нь замын ачаалал бараг 2,5 дахин ихэссэн байна гэсэн үг. Тэгэхээр энэ замын өргөн хэд билээ, ачаалал даах бололмж нь хэд билээ гэдгээ тооцож байж уурхайн борлуулалт, тээвэр ложистик  хариуцсан нөхдүүд энэ дээр дүн шинжилгээ хийж тодорхой хэмжээний тоо хязгаартайгаар тээврийн хэрэгслэлийн гэрээ хэлцлийг хийх зайлшгүй шаардлагтай байгаа юм.

Тодорхой ачаалал цикл эргэлттэй байж хэвийн хэмжээнд жигд явах асуудал болохоос биш олон тооны машин явсанаар олон тонн нүүрс экспортолно гэсэн буруу ойлголт байж таарахгүй. Үүнийг цаашдаа удирдлагын түвшинд асуудлыг тавьж, ярьж хөөрөх нь зүйтэй болов уу. Уурхайн талд байгаа замын 0-19 км-т урт дараалал үүслээ энэ асуудлаа та нар яаралтай зохицуул гэсэн асуудал ярьж байна. Уурхай үнэндээ бол өөрсдийн хүчин чадлаар ачиж дийлэхгүй  байгаа тохиолдолд хоосон талаас явж байгаа энэ олон машинууд хүссэн хүсээгүй дараалал үүсгэнэ. Тэгэхээр үүнийг уурхай хоорондын нөхдүүд уулзаж ярилцаад зам тээврийн төвийнхөнтэй анх санаачилж байсан квотын тухай асуудлыг зайлшгүй эргэж харахгүй бол болохгүй л дээ. Тэрнээс биш машин их байх тусмаа их хэмжээний нүүрс тээвэрлэнэ гэсэн асуудал байхгүй. Хөдөлгөөний эрчимжилтийн асуудал зохицуулагдахгүй бол хий хоосон хоёр талдаа бөөгнөрөл, дараалал үүсгээд хөдөлгөөн наашаа ч нэвтрэхгүй цаашаагаа ч нэвтрэхгүй байдал үүсэх магадлал их байгаа гэдгийг анхаарах ёстой.