Саяхан Франц улсын Нант хотын музейгээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байсан ч Хятадын засгийн газрын шахалттай тулгаран хойшлуулсан билээ. Уг үйл явдал монголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн уур бухимдлыг төрүүлсэн юм.
Тэгвэл саяхан АНУ-ын Орегон мужийн Портланд хотод байрлах Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейд "Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" нэртэй үзэсгэлэн гарч эхэлжээ.
Тодруулбал, уг үзэсгэлэнг Exhibits Rex Inc компанийн зохиолч, ерөнхийлөгч Дон Лессем зохион байгуулж байгаа бөгөөд Смитсоны Институт, Колумбийн Их Сургуулийн эрдэмтэд болоод Монголын эрх баригчид, музейтэй хамтарч байгаа хэмээн үзэсгэлэнгийн танилцуулга дээр дурьджээ.
Аравдугаар сарын 24-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн нь Орегоны музейн 2 давхрыг хамарсан баялаг үзмэртэй, томоохон үзэсгэлэн бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 15 хүртэл олны хүртээл болох аж.
Энэхүү үзэсгэлэн дэлгэгдсэнээр эцгээсээ өнчирч, төрөл садандаа хаягдсан ядуу тарчиг, сул дорой хүү хэрхэн гарамгай удирдагч болж, дэлхийн хамгийн өргөн уудам нутгийг байлдан дагуулсан талаар Портландчууд илүү ихийг мэдэх боломжтой боллоо хэмээн олзуурхаж байгаа юм.
Үзэсгэлэнгийн талаар Орегоны шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музейн менежер Женнифер Пауэрс "Энэ үзэсгэлэнгийн юу нь хамгийн гайхалтай гээч. Энд ямар ч нэг талын байр суурь, зөвтгөж, буруутгасан зүйл байхгүй. Үзсэн хүн өөрөө юу мэдэрч байна түүгээрээ Чингис хааныг дүгнэнэ. Та үзэсгэлэнгээс түүний гайхаж бахдам байдал, харгис догшин авир, эсвэл бүр хэрцгий балмад талыг ч олж харж болно." хэмээжээ.
"Чингис хааны амьдрал ба өв залгамжлал" үзэсгэлэн нь зургаан томоохон хэсгээс бүрдсэн аж. Тэдгээрийг дурьдвал:
⦁ "Бэлчээр"- Төв Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, Чингис хааны дайснууддаа хөөгдөж явсан эрт үеийг харуулсан хэсэг. Уг хэсэгт Монгол гэр барьсан бөгөөд музейн үзэгчид дотор нь орж, монголчуудын амьдралын хэв маягтай бодитоор танилцах боломжтой аж.
⦁ "Монголчуудын хүчирхэгжил"- Бүхний хүндлэл хүлээсэн залуухан эзэн хаан хэрхэн тархай, бутархай овог аймгуудыг нэгтгэж, дэлхийд гайхагдсан морин цэргийг бүрдүүлсэн тухай өгүүлэх хэсэг. Энэ хэсгээс түүхэн дэх бусад бүх эзэнт гүрнээс дөрөв дахин их газар нутгийг захирахдаа Чингис хааны ашиглаж байсан морьтны соёл, тухайн үеийн зэвсгийн шинэ инновацийг судлах боломжтой юм байна.
⦁ "Ханан хот"- Чингис хааны дараа түүний өв залгамжлагч (Өгөдэй) Хархорум хотыг эзэнт гүрнийхээ нийслэл болгож, хана, хэрэм босгожээ. Монголчууд дэлхийн өнцөг булан бүр дэх дайснуудаа дарж дуусаад, дайн дажин намдахын хэрээр нийслэлд нь урлаг, соёл, олон янзын шашин цэцэглэн хөгжиж, тэдний ахуй хэрхэн өөрчлөгдсөнийг энэ хэсэгт харуулах аж.
⦁ Торгоны зам: Их эзэн Чингис хаан хэрхэн харгис хэрцгий дайчин мэт хэрнээ ухаалаг төрийн зүтгэлтэн, нинжин сэтгэлтэй удирдагч байсныг энэ хэсгээс олж мэдээрэй. Тэрээр дэлхий нийтийг өөрийн мэдэлд эрхшээсэн хугацаандаа тогтвортой засаглал, шударга татварын тогтолцоог бий болгож, урлагийг үнэлж, бүх нийтийн шашинг хүлээн зөвшөөрч, Торгоны замын дагуух нээлттэй худалдааг бий болгож, боловсронгуй нийгмийг цогцлоож чаджээ. Торгоны зам бол өмнө нь бие биенээ оршдогийг ч мэддэггүй байсан дэлхийн соёл иргэншлүүд өөр өөрсдийн бараа таваар, техник технологи, шинэ санаагаа солилцсон, амин чухал худалдааны зам байлаа.
⦁ Хубилай хааны ордон: Энэ хэсэгт Бүх Хятадыг захирсан анхны Монгол хүн, Их хааны ач хүү Хубилай хааны Занаду дахь ордныг барьжээ. Эндээс Марко Пологийн бэлгэ тэмдэг бүхий шаазан эдлэл, сэлэм зэрэг үзмэрийг үзэж сонирхох боломжтой аж.
⦁ Өнөөгийн Монгол: Аугаа хааны үеийн нүүдэлчдийн соёл иргэншил найман зууны дараа ч, өнөөг хэр хадгалагдан үлдсэн бөгөөд 21-р зууны шинэ амьдралын хэв маягтай огтлолцон оршиж байгааг энэ хэсэгт харуулжээ. Ийнхүү хоёр соёлын шилжилт хийж байгаа Төв Азийн алслагдсан улсыг гэрэл зураг, дуу хөгжмөөр танин мэдэж, нээн илрүүлэх боломжтой гэнэ.
Үзэсгэлэнд 13-14-р зууны үеийн олдворууд болох зэвсэг, хувцас, үнэт эдлэл, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг болоод бусад дурсгалт зүйлс, орчин үеийн гэрэл зураг, түүх хүүрнэл зэрэг түүхэн эд өлгийн зүйлс багтжээ.