2021 оны төсвийн хуулийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүлэв

2021 оны төсвийн хуулийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хууль УИХ-ын наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлыг 3 их наяд 647.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь, нийгмийн халамжийн нийт зардлыг 824.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд 153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар баталсан гэв.

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийгмийн халамжийн нийт зардлыг анх батлагдсан дүнгээс 566.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 390.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувь, хөрөнгийн зардлыг анх батлагдсан дүнгээс 148.7 тэрбум төгрөгөөр бууруулж 3 их наяд 498.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.3 хувь байхаар өөрчилсөн болно. Харин төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар баталсан хэмжээнд байхаар тус тус тооцсон болно гэж байлаа.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 2015 онд 3.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 7.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байгааг онцлов. Тэрээр сүүлийн 5 жилд Засгийн газрын гадаад өр 4.3 ам.доллароор нэмэгдсэн гэж ойлгож болох эсэхийг тодрууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, "Засгийн газрын гадаад өр 2016 оны байдлаар тухайн үеийн үнэ цэнээр ДНБ-нд элзэх хувь хэмжээ нь 78.8 хувь буюу 22 их наяд 280.1 тэрбум төгрөг байсан. Харин 2020 оны есдүгээр сарын байдлаар, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-д элзэх хувь хэмжээ нь 57.2 хувь буюу 26 их наяд 267.3 тэрбум төгрөг байна" хэмээв. 

Гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШУУД ҮЗЭХ: