Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой Бизнес эрхлэгчдийн Хамтарсан Холбооноос нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээг танилцуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хотын нийтийн тээвэрт өдөрт 900 автобус үйлчилгээнд гарч 500,000 зорчигчид үйлчилдэг гэх статистик бий. Тэгвэл гурван шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр 500-600 автобус үйлчилгээнд гаргаад, түгжрэлийг 20-30 хувиар бууруулахаас гадна иргэдэд түвэг чирэгдэлгүй үйлчлэх боломжтойг ярьсан юм. Ингэхдээ "Хамгийн чухал нь иргэдийн шаардлагад нийцсэн шинэ үйлчилгээг санал болгох хэрэгтэй. Иргэд их зүйл хүсээгүй зөвхөн хурдан, цагийн хуваарьтай, сандалтай байвал нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэлэн байна. Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас нийтийн тээврээс татгалзаж хувийн авто машин ихээр хэрэглээд байгаа" хэмээн Бизнес эрхлэгчдийн Хамтач Холбооны захирал Д.Эрдэнэцогт ярилаа.
Тэдний санал болгож буй гурван шинэ үйлчилгээ:
1.Хоёр зогсоолт буухиа автобус
Том хорооллуудаас шууд хотын төвд буюу их тойруу, бага тойрууд дөхүүлж өгөөд буцах автобус. Хотын төвийн түгжрэлд оролгүй буцаж эргэх, өглөөний нэг урсгалд түгжрэл үүсдэг үед зарим зам дээр эсрэг урсгалын нэг эгнээгээр буухиа автобус явах боломжийг бий болгож эцсийн зогсоолыг зөв тооцсоноор энэхүү автобус хурдан эргэлттэй автобус болно. Жишээ нь: Зайсан-Баянгол зочид буудал, Хүннү Молл - Баянгол зочид буудал, Ривер гарден-Шангри-Ла, Home Plaza-Шангри-Ла, Содон хороолол- Баруун 4 зам, 7 буудал- Урлан бүтээх төв, Шар хад- ШУТИС, Дарь-Эх-ШУТИС, гэх мэт.
2.Таксиг орлох хурдан тойрдог "мини бус" үйлчилгээ
Улаанбаатар хотын бага тойрог, их тойрог замууд болон албан байгууллагуудын байршлыг зөв тооцоолж такси хамгийн их явдаг замуудаар жижиг автобус явуулж, зорчигч дүүрвэл том том хороолол руу шууд явдаг болгох. Өөрөөр хэлбэл, том 18-20 хүний суудалтай такси гэсэн үг. Хүн такси шиг гараа өргөөд сууж болно. Мөн хотын дэд төвүүдэд ийм дунд оврын хурдан эргэдэг автобусуудыг явуулах. Тухайлбал, нисэх, яармаг сонсголон, Ривер гарден-цэцэрлэгт хүрээлэн-зайсан, шархад-16-ботаник, чингэлтэй-5 буудал хайлааст гэх мэт. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр 30,000 таксины тоог 10,000 болгож бууруулах боломжтой гэж үзжээ.
3.Ухаалаг системд суурилсан том, дунд, жижиг автобусны үйлчилгээ
Ухаалаг аппликэшны тусламжтайгаар урьдчилан тасалбар авч тусгай чиглэлийн автобусаар үйлчлүүлэх. Жишээлбэл, Маргааш өглөө нисэх буудал явах хүмүүс аппликэшнээр орж тасалбар аваад өөрт ойрхон автобусны буудлаас тодорхой цагт суух аж. Драгон, Вокзал, Цэцэрлэгт хүрээлэн, Зайсан, Нарантуул, Техникийн зах гэх мэт тодорхой цагуудад тодорхой иргэдийн урсгал нэмэгддэг худалдаа, үйлчилгээний төвүүдэд шууд хүргэх буухиа тохилог автобус байх бөгөөд энэ нь ажилчдын автобустай ижил зарчимтай. Энэхүү үйлчилгээ нь онгоцонд вагонд сууж, бууж буй хүмүүст үйлчлэх жижиг машинуудыг орлох үйлчилгээ юм байна. Иргэдийн авто машины хэрэглээг бууруулахад чиглэсэн алхмуудыг яаралтай авахгүй бол одоогийн нийтийн тээврийн оновчгүй байдлаас болж иргэд автомашин ихээр худалдан авч байна. Оргил цагуудад автобусанд багтахгүй иргэд такси хүлээх боловч бас л такси байхгүй арга барсандаа алхах нь их болж байна. Эдгээр хүмүүс бүгд л автомашинтай болох хүсэлтэй болж үлдэнэ. Иймээс энэ байдлаараа удвал бүр ч олон удаа 0 зогсолт хийх нөхцөл байдал үүснэ. Түгжрэлийн улмаас зөвхөн бензин түлшинд 55 тэрбум төгрөг, жилд 22 хоногийг зам дээр өнгөрөөхөөс гадна бусад алдагдсан боломжуудын өртгийг тооцох боломжгүй байдаг ажээ.