ТОДРУУЛГА: Олимпийн гүүрэн дээр явган хүний зам хийхгүй

ТОДРУУЛГА: Олимпийн гүүрэн дээр явган хүний зам хийхгүй

Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон 4 эгнээ бүхий, 477 метрийн урттай “Олимпийн гүүр” өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад орсон билээ.

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр буюу 42,38 тэрбум ам.доллараар бүтсэн тус гүүр ашиглалтад орсон цагаасаа зарим иргэдийн шүүмжлэлийг хүртээд буй. Учир нь гүүрэн дээгүүр явган хүний зам байхгүй тул иргэд алхахад хүндрэлтэй, нөгөө талаас жолооч нар ч зам дээгүүр явж буй явган зорчигчдыг дайрах эрсдэлтэй тулгараад байгаа юм. Тиймээс иргэдийн хувьд тус гүүрэн дээгүүр явган хүний зам тавихыг холбогдох хүмүүсээс хүсээд байгаа билээ.

-ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРОНД ИЙМ ГҮҮРЭН ДЭЭР ЯВГАН
ХҮНИЙ ЗАМ ТАВЬДАГГҮЙ-

Тэгвэл албаны болоод мэргэжлийн хүмүүс Олимпийн гүүрэн дээр явган хүний зам барихгүй гэлээ. Учир нь Intersection зам буюу олон зам, урсгал орж гарах ийм гүүрэн дээр явган хүн байтугай машин ч явахад хүндрэлтэй байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарласан юм. Тиймээс дэлхийн аль ч улсад энэ төрлийн гүүрэн дээр явган хүний зам барьдаггүй байна. Харин гүүрний доод хажуу хэсэгт явган хүнд зориулсан гүүрэн гарцыг тодорхой хэсгүүдэд байрлуулж өгөх юм байна.

-ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫГ ГҮҮРЭН ДЭЭР БИШ, ГҮҮРНИЙ ХАЖУУД ТУСАД НЬ БАРИНА-

Бид энэ талаар Нийслэлийн авто замын газрын Хяналтын инженер Б.Энхмандахаас тодрууллаа.

-Иргэдийн зүгээс Олимпийн гүүрэн дээр явган хүний зам барих хүсэлтийг ихээр тавьж байна. Ер нь гүүрний зураг төсөлд явган хүний зам тусгагдсан уу?

-Зураг төсөл дээр явган хүний зам тусгагдсан байгаа. Гэхдээ гүүрэн дээр биш гүүрний хажууд, тусад нь явган хүний гүүрэн гарц хийгдэхээр төлөвлөгдсөн.

Хүмүүс олимпийн гүүрийг Энхтайвны гүүртэй харьцуулаад байна. Гэтэл Энхтайвны гүүр бол зөвхөн шулуун хэлбэртэй. Харин Олимпийн гүүр дээр хоёр, гурван гүүр эргэлтээрээ давхцаж, нийлж орж ирдэг. Тиймээс олон улсын жишигт ийм гүүрэн дээр явган хүний зам тавьдаггүй. Харин гүүрнийхээ хажууд тусад нь явган хүнд зориулсан гүүр хийдэг гэсэн үг.

-Тэгвэл явган хүний гүүрэн гарц хийх ажил одоо аль шатандаа явж байна вэ?

-Та бүхэн хэрэв очоод харвал гүүрнийхээ зүүн талд төмөр зам дээр 1 метр 50 см орчим илүү гарчихсан дамнуурга хийгдсэн байгаа. Цаашид түүн дээр хоёр талд нь металл дамнуурга, тулгуурууд хийж Нарны замаа давсан явган хүний гүүр барих юм.

-Явган зорчигчид зориулсан гүүрэн гарц хэзээ эцсийн байдлаар бэлэн болж, ашиглалтад орох бол?

-Тус гүүрэн гарц нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж хийгдэнэ гэж тооцож байсан ч Ковид-19 халдварын нөхцөл байдал, хөл хориотой холбогдуулан хойшлогдоод байсан. Харин есдүгээр сард хөл хорио сулрах үед, төлөвлөсөн хугацаанаас 6 сарын хойно буюу есдүгээр сарын 20-ноос хятадууд ирж ажилдаа орсон. Гэсэн ч цаг агаараас шалтгаалан хамгийн уртдаа аравдугаар сарын 30 гээд ажил зогсох байх. Тиймээс манай шинэчилсэн төлөвлөгөөгөөр тус гүүрэн гарц 2021 оны наймдугаар сарын 30 гэхэд барилгын ажил нь бүрэн дуусах төлөвтэй байна.

Олимпийн гүүрний зураг төслийг харвал Б.Энхмандах инженерийн хэлсэнчлэн гүүрэн дээр явган хүний зам байхгүй байх бөгөөд оронд нь явган хүнд зориулсан гүүрэн гарц барихаар тусгаж өгснийг харж болно. Тиймээс иргэдийн хувьд явган хүний зам биш, гүүрэн гарц ашиглалтад орохыг хүлээх л үлдээд байна.