Монгол Улсын Шадар сайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км төмөр зам тавигдана.
Нэгдүгээр зэрэглэлийн энэ төмөр зам 16 гүүр, 126 хоолой, малын найман гарцтайгаар баригдах юм. Одоогоор төсөлд 1801 инженер, техникийн ажилтан болон ажилчид,770 гаруй машин механизм ажиллаж байна.
Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусаж, ус зайлуулах хоолойн ажил 98 хувь, мал амьтны гарц 97 хувь, дэд бүтцийн ажил 46 хувь буюу гол замын үеийг 106 км-ийг угсраад байна. Ачилтын тойргийн ажил 9 дүгээр сард эхлэж, газар шорооныажил хийгдэж байна.
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Мөн ашиглалтад орсноор нийгэм,эдийн засагт олон эерэг зр нөлөөтэй юм.
Тухайлбал:
Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч иргэдийн амь нас, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. 2000 орчим ажлын байр шинээр бий болно. Одоогийн байдлаар БНХАУ руу экспортлох нүүрсний автозамаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор уг зардал 4 дахин буурч 8 ам.доллар болох юм.
Мөн Монгол Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам. долларыг Засгийн газарт төвлөрүүлж, эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлнэ хэмээн Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.