Ажилдаа явах цагаа өөрсдөө сонгодог ГУРВАН ДАРГА, иргэдийн ажлын цагтай зэрэгцэж явмааргүй байна

Ажилдаа явах цагаа өөрсдөө сонгодог ГУРВАН ДАРГА, иргэдийн ажлын цагтай зэрэгцэж явмааргүй байна

Өнгөрсөн 7 хоногт цаг агаарын үзэгдлийн улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүсэж, автомашинууд 2-4 цагийн турш байрнаасаа хөдлөлгүй “тэг зогсолт” хийсэн билээ. Иргэдийн уур бухимдлыг ихээхэн төрүүлсэн уг үйл явдалтай зэрэгцэн манай төрийн гурван өндөрлөгийн нэг эрхэм замын цагдаагаар зам хаалгаж, тэг зогсолт хийсэн машинуудын хажуугаар хамгаалалтын цуваатайгаа шуртхийн явж өнгөрсөн нь гал дээр тос нэмэв. Зөвхөн тэр орой ч биш өглөө хичээл, сургууль, ажил эхлэх цагтай зэрэгцэн төрийн гурван өндөрлөг зам хаалгаснаас хүүхдүүд хичээлээсээ хоцрох тохиолдол бишгүй гардаг тул иргэд энэ тал дээр ихээхэн бухимдалтай байгаа юм.

-ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ХУУЛИАР ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
ХААГЧ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛЖ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ-

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалал дээр ачаалал нэмэн зам хаадаг төрийн өндөрлөгүүдэд бухимдахын зэрэгцээ замын цагдаагийн алба хаагчдыг зөвхөн улс төрчдөд үйлчилдэг хэмээн ихээхэн шүүмжлэлтэй ханддаг.

Тэгвэл төрийн гурван өндөрлөг замын хөдөлгөөнд нөлөөлөх эрхтэй юу?

Төрийн өндөрлөгүүдийн зүгээс иргэдийн дээрх шүүмжлэл, бухимдлын өмнө Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг бамбай болгон барьдаг. Тус хуульд зааснаар Монгол улсын төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нь нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалтад байх бөгөөд үүнд нь цагдаагийн алба хаагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Учир нь төрийн өндөрлөгүүд иргэдтэй зэрэгцэн түгжрэл дунд явах нь аюултай гэж үздэг тул тэднийг автотээврийн хэрэгслээр зорчих үед гадны халдлага, болзошгүй ослоос хамгаалах зорилгоор төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр авто цуваа гарган хамгаалдаг байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11.4-т зааснаар Төрийн тусгай хамгаалалтын газар нь "хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор явган зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр зогсоох, чиглэлийг өөрчлүүлэх" үүрэгтэй хэмээн заажээ.

Мөн үүнийг гүйцэтгэхэд Замын цагдаагийн газраас гар бие оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хэв журмын хамгаалалт зохиох үүрэгтэй хэмээн хуульд заасан байдаг тул замын цагдаа нарыг буруутгах аргагүй аж.

-ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ
ЦАГАА ӨӨРСДӨӨ СОНГОДОГ-

Гэсэн хэдий ч төрийн өндөрлөгүүдийн дээрх үйлдэлд иргэд бухимдах нь буруу зүйл биш. Учир нь төрийн тусгай хамгаалалт авах нь хууль ёсны зүйл ч гэлээ, түүнийгээ хэзээ ашиглах, хэзээ замын хөдөлгөөнд оролцох нь өөрсдийнх нь сонголтын бөгөөд ёс зүйн асуудал юм. Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгүүд замын хөдөлгөөнд оролцох цагаа өөрсдөө сонгох эрхтэй байдаг.

Тиймдээ ч өмнөх зарим төрийн өндөрлөгүүд болон Ерөнхийлөгчийн хувьд ихэвчлэн ажлын цагаас нэг цагийн өмнө юм уу, дараа замын хөдөлгөөнд оролцох нь түгээмэл. Учир нь замын ачаалал ид нэмэгдэх цагаар ард иргэдтэй зэрэгцэн хөдөлгөөнд орж, зам хаан олон түмний бухимдлыг төрүүлэхээс зайлсхийдэгтэй холбоотой юм.

Гэтэл сүүлийн үед ялангуяа 0003 дугаартай тусгай автомашин хөлөглөсөн Засгийн газрын тэргүүний хувьд замын ид ачаалалтай зэрэгцэн зам хаалгаж, ядарсан, даарсан ард иргэдийнхээ хөдөлгөөнийг хязгаарлаж буй дүр зураг түгээмэл байгааг шүүмжлэхээс аргагүй юм.

Энэ мэт тусгай хамгаалалтаар хүссэн цагтаа явдаг төрийн өндөрлөгүүд түгжрэлийг хамт туулдаггүй юм аа гэхэд ядаж ачааллын үеэр зам хааж, түмний хүүхдийг хэдэн цагаар автобус хүлээн чичрэхэд хүргэдэггүй баймаар!

Нэмэлт: Дэлхийн бусад орны удирдагчид ажилдаа хэрхэн явдаг вэ?

Улс орнуудын нөхцөл байдал, засаглалын хэлбэр, онцлог зэргээс шалтгаалан зарим улсын төрийн өндөрлөгүүд ямар нэг хамгаалалтгүй, ердөө унадаг дугуйгаар эсвэл бүр явганаар ажилдаа явж байхад зарим улсын төрийн тэргүүнүүд сум нэвтэрдэггүй унаа хөлөглөн явах жишээтэй. Сонирхуулах үүднээс дараах 4 улсын төрийн өндөрлөгүүдийн гадуур явахдаа хэрэглэдэг унаа, техникүүдийг танилцуулж байна. (хажуу тийш нь гүйлгэж үзнэ үү.)




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө