"Номын баяр" гэх өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ

"Номын баяр" гэх өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Бурхан багшийн дүйчин өдрийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлж бүх нийтээр амардаг уламжлал энэ жилээс тогтож буй билээ. Тэгвэл бүх нийтээр амрах өдөр дахин нэгээр нэмэгдэх бололтой.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр /2020.09.18/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд”  гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болж, тус өдрүүдэд бүх нийтээр амардаг болох нь. Энэ нь өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн "Номын баяр" гэх жил бүр зохион байгууллагддаг өдөр юм. 

Хууль санаачлагчид энэ тухай тайлбарлахдаа "Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг  “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна.

Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан" гэсэн юм. 

Мэдээж албан ёсны үндэсний ном, соёлын өдөртэй болох нь сайхан. Гэвч албажаагүй л болохоос иргэд, олон нийт есдүгээр сард зохион байгуулагддаг номын баяр тэмдэглэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож энэ өдрийн тухай мэдэж, сонирхож эхэлсэн. Жил бүр талбай дээр дэлгэгддэг номын баяр өргөжин тэлсээр иргэн бүрийн анхаарлыг татдаг үйл ажиллагаа болсон билээ. Энэхүү ажлыг өргөтгөн хөгжүүлж, шаардлагатай төсөв хөрөнгөд нэмэр болох мөн зохиолчдыг дэмжих чиглэлд ажилах нь чухал болохоос бүх нийтээр тэмдэглэх нь тулгамдсан асуудал мөн үү. Ер нь энэ тухай хууль санаачлах нь чухал гэдгийг анхаарах ёстой асуудал юм. 

Монголчууд нийтээр тэмдэглэх баярын хүрээнд нэг жилд дунджаар 12-15 хоног амардаг билээ. 

Тодруулбал, 

  1. Шинэ жил: нэгдүгээр сарын 1,
  2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,
  3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8,
  4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1,
  5. Бурхан багшийн Их дүйчин өдөр: зургадугаар сарын 5,
  6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,
  7. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арваннэгдүгээр сарын 26,
  8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,
  9. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арванхоёрдугаар сарын 29-нд тус, тус амардаг байна.