Т.Нямцэрэн: Тусгай үүргийн онгоц хүлээж байгаад нас барсан аавын минь чандарыг дүү минь Монгол руу авч явна

Т.Нямцэрэн: Тусгай үүргийн онгоц хүлээж байгаад нас барсан аавын минь чандарыг дүү минь Монгол руу авч явна

Дэлхий даяар коронавирус цар тахал дэгдэж, манай улс хилээ бүрэн хааснаас хойш олон монголчууд хайртай хүмүүсээсээ үүрд хагацан, санаж бэтгэрсээр өдийг хүрчээ. Эх орондоо очиж чадалгүй хүний нутагт амиа алдсан иргэдийн мэдээлэл олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн бол санаж, хүлээн байж эх орондоо ирчихээд тусгаарлалтын байранд ч нас барсан тохиолдол гарсан билээ.

Энэ удаад бид “хилийн чанадад байгаа хүүхдүүд дээрээ оччихоод ирье” гээд 50 жил ханилсан ханиа үлдээгээд ниссэн ч эргэж ирэлгүй хүний нутагт насан эцэслэсэн 70 настай нэгэн буурайн талаар охинтой нь ярилцлаа. Түүний хувьд эх орондоо очиж, олон жил ханилсан ханьтайгаа дахиад хэдэн сарыг ч болов хамт өнгөрөөх туйлын хүсэл тээж байсанд нь эргэлзэх юун. Гэвч тусгай үүргийн гэх нэртэй онгоцыг хүлээсээр хайртай бүхнээсээ хагацсан нь туйлын өр өвдмөөр. Түүнийг эх оронд нь буцаах гэж хань нь олон удаа УОК дээр очсон ч хөөгдөөд гарч байсан удаа ч бий гэнэ.

-ААВЫН МААНЬ ДАРАЛТНЫ ЭМ ДУУСЧ, БАЙДАЛ УЛАМ ХЭЦҮҮДЭЖ
БАЙГААГ ӨРГӨДӨЛ ӨГӨХ БҮРТЭЭ ХЭЛЖ БАЙСАН-

-Сайн байна уу. Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Таны хувьд аль хотод амьдардаг вэ?

-Сайн, сайн байна уу. Хэд хоног аавын маань буяны ажил үргэлжлээд салах ёс хийгээд дуусгалаа. Миний хувьд АНУ-ын Калифорниа мужын Сан Армон \San Ramon\ хотод гэр бүлээрээ амьдардаг. Энд долоон жил болж байна.

-Аав тань анх хэзээ Америкт очсон юм бэ. Хэзээ буцаж эх орондоо ирэх байв?

-Аав маань анх 2019 оны аравдугаар сарын сүүлээр энд ирсэн юм. Тэгээд дөрөвдүгээр сарын 10-нд буцах байсан ч коронавирусээс болоод буцаж чадаагүй дээ.

-Өнгөрсөн хугацаанд УОК-т хэдэн удаа хүсэлт өгөв. Яагаад тусгай үүргийн онгоцонд багтаж чадаагүй юм бэ. Уг нь УОК-оос гаргасан таван шаардлагын нэгэнд багтахаар өндөр настай хүн байсан юм байна?

-Тийм ээ, анх буюу гуравдугаар сарын 24-ний өдөр Сан Франциско дахь Консулын газар өргөдлөө өгөхөд явах хүмүүсийн жагсаалтын 93-д байсан юм. Түүнээс хойш аав маань болон манай гэрийнхэн Консулын газар луу үргэлж залгаж асуудаг байсан. Энэ үед ээж маань ч мөн Монголд аавыг маань авчрах асуудлаар хөөцөлдөж байв. Ээж маань анх УОК-руу өргөдөлөө бариад очиход нь “Таны өргөдлийг бид авахгүй. Амьдарч буй газрынхаа консулдаа өг” гэсэн байсан. Дөрөвдүгээр сараас хойш ээж маань энэ асуудлаар судлаад “танайд бас өгдөг юм байна” гээд н.Жамбалдорж гэдэг хүнд анхны өргөдлөө өгсөн юм. Энэ хугацаанд бид эндхийн консулдаа хэд, хэдэн өргөдөл өгч, ээж дүү нар маань ч Монголд өргөдлөө өгсөөр байсан. Зургаан сарын сүүлээр аавын маань даралт ихсэж эхэлсэн. Богино хугацаанд байна гэж төлөвлөж ирсэн учраас даралтны эм нь удалгүй дуусчихсан. Энд даатгалгүй учраас эм авч чадаагүй. Байдал улам л хэцүүдэж байгааг өргөдөл өгөх бүртээ хэлж байсан.

Улсын онцгой комиссын ажилтан Жамбалдорж

-ӨРГӨДӨЛ ӨГӨӨД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХААР НЬ ДАРГА РУУ НЬ
ОРЖ УУЛЗАХ ГЭЖ БАЙСАН ЭЭЖИЙГ МААНЬ ХОЁР ТАЛААС НЬ ЧИРЖ,
ХӨӨЖ ГАРГАСАН БАЙСАН-

-Энэ хугацаанд аавын тань нэр урагшилж байсан байх?

-Тийм ээ, долоон сар гарахад 68-д л очсон байсан. Ингээд эцсийн найдвар болох наймдугаар сарын 15-ны онгоцонд багтааж өгөхийг тал, талаас маш их гуйсан боловч хэн ч сонсоогүй. Энэ үед ээж маань өөрийн бүхий л чадлаараа ханиа авчрах гэж их хичээсэн дээ. Хамгийн гомдмоор нь УОК-руу очиж н.Жамбалдорж гэх хүнтэй уулзаж, учир байдлаа хэлэхэд нь өөдөөс нь “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн гэсэн. Тэгэхээр нь аргаа ядсан ээж маань “За би тэгвэл мэддэг хүн дээр нь ороод уулзья” гээд орох гэтэл ээжийг маань оруулалгүй, хоёр талаас чирээд, хөөгөөд УОК-аас гаргасан байсан. Үүнд нь бид маш их гомдож байгаа. Хүний нутагт олон сар болсон ханиа авчрах гэж тэмцэж буй хөгшин настай хүнд яагаад тэгэж хандаж байгаа юм бэ. Ээж маань ч мөн 70 орчим настай, биеийн байдал муу хүн байдаг юмаа. Ингээд л хэд хоногийн дараа манай гэрт харамсаад баршгүй уй гашуу тохиолдсон доо.

-Аав тань улсдаа олон жил багшилсан хүн байсан юм байна. Та бүхэн бас хандивын аян зохион байгуулсан байсан?

-Тиймээ, аав минь Завхан аймгийн Яруу суманд 41 жил дуу хөгжмийн багш хийсэн, шавь нартаа нэр хүндтэй хүн байсан юм. Хандивын хувьд манай энд амьдардаг, бие биедээ туслаад явдаг сайхан сэтгэлт хөрш, монгол охин маань цахимаар хандив цуглуулдаг тусгай сан байдаг гээд үүсгэж өгсөн юм. Хандив өргөсөн сайхан сэтгэлт монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Гадаадад нас барсан иргэдийн оршуулах ёслолыг хаана, ямар шугамаар хийдэг юм бэ. Та бүхний хувьд хаана хандаж салах ёс гүйцэтгэсэн бэ?

-Энд оршуулгын үйл ажиллагаа явуулдаг, тусгай газар байдаг юм байна лээ. Тэр газар бид салах ёс гүйцэтгэх ажлаа хийгээд, чандарлах ажлаа хийсэн.

-Чандарыг нь одоо Монгол руу явуулах юм байна?

-Тийм ээ, бага дүү маань Монголоос ирчихсэн. Одоо аавын минь чандарыг авж явах гээд ахиад буцах онгоц хүлээгээд байж байна. Аль болох хурдан буцахгүй бол ээж маань тэнд маш хүнд байдалд байгаа. Дүү маань бас арван сартай нялх хүүхдээ үлдээгээд ирсэн. Одоо нас барсан талаарх бичиг баримтаа бүрдүүлээд буцах ажлаа хөөцөлдөж байна. Эндхийн Консулын ажилтан бас тусалж байгаад нь баярлаж байна.

-ААВ МААНЬ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД НУТАГТАА БУЦНА ГЭЖ
ӨДӨР БҮР АЧААГАА БЭЛДДЭГ БАЙСАН. ААВ, ЭЭЖ ХОЁР МААНЬ ЯРИХ ЮМ НЬ ДУУССАН Ч ГЭСЭН БИЕ БИЕНЭЭ УТСААР ХАРААД Л СУУГААД БАЙДАГ БОЛСОН-

-Өнгөрсөн хугацаанд аав тань эх орондоо буцахыг их хүсэж байсан байх. Энэ талаар өөрөө юу гэж ярьдаг байсан бэ?

-Тэгэлгүй яахав. Аав маань үргэлж утсаа ширтээстэй, гадаадад гацсан монголчуудын групп руу их орж харна. Эрүүл мэндийн яамын 11:00 цагийн мэдээг алгасалгүй үзнэ. Нэг саванд бүх зүйлээ бэлдээд хийчихсэн “Намайг маргааш яв гэсэн ч би бэлэн” гээд сууж байдаг байсан. Бэлэн байхгүй бол хэзээ ч намайг дуудаж магадгүй гээд л хүлээж байсан. Тэгээд “Очоод ингэж тусгаарлагдах юм байна, энэ данс руу мөнгөө хийх юм байна. Эндээс коронавирусийн шинжилгээ хийлгээд явах юм байна, чи анхаараарай” гээд л их бэлддэг байсан даа, хөөрхий минь.

-Хамгийн харамсалтай нь ханьтайгаа уулзаж чадалгүй хорвоог орхисон юм байна. Ээж тань бас их хэцүү байгаа байх?

-Тийм ээ, хөөрхий ээж маань үнэхээр хэцүү байгаа. Аав, ээж хоёр маань фейсбүүкээр өдөржин ярилцдаг байсан. Ярих юм нь дууссан ч гэсэн бие, биенээ хараад л суугаад байдаг байсан.Аав маань нутгаа мөн ч их санасан даа. Сүүлдээ сэтгэл минь маш их өвдөж байсан.

-Одоо дүү тань аавынхаа чандарыг аваад ирэх юм байна. Хэзээний онгоцонд буцахаар төлөвлөж байна?

-Буцах гээд бичиг цаасныхаа ажлыг цэгцэлж байна. Буцах хүсэлтээ аль аль талдаа өгчихсөн. Хэзээ буцах нь тодорхойгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.