Арабад очиж АВЛИГА АВСАН САЙД ХЭН БАЙВ

Арабад очиж АВЛИГА АВСАН САЙД ХЭН БАЙВ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэдэг асуудал өнгөрөгч оны тавдугаар сарын эхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Тухайн үед 10 сая ам.долларын авлигын сүлжээнд холбогдсон сайдын нэр тодролгүй дарагдаж байсныг уншигчид санаж байгаа байх.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Засгийн газрын нэр бүхий сайд 10 сая америк долларын авлига авсан байж болзошгүй, хууль хяналтын байгууллага нягталж байгаа гэх мэдээлэл газар авч, Засгийн газрын нэр хүндэд ноцтой асуудал үүсгээд байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбогдсон эсэх талаар мэдээллийг бидэнд яаралтай ирүүлнэ үү” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Судлаад үзэхэд утасны үзүүр хөвөрсөөр Эрчим хүчний яамнаас зарласан тендертэй холбогддог. Тэр нь Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер байсан гэх. Бидэнд олдсон баримтаар тус тендерт долоон компани оролцохоор үнийн санал хүргүүлсэн байгаа юм. Тэднээс хамгийн бага үнийн дүн буюу 74 сая 22 мянган ам.долларын санал ирүүлсэн “China energy engeneering group northwest power construction engeneering co.,ltd” компанийг 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 345 тоот тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг үндэслэн “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” ЭХАХБ-2019/01 тендерт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн тус компанийн тендерийг “Хамгийн сайн” гэж үнэлэн, гэрээний хэлцэлд урьсан байдаг. Гэсэн ч 2019 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж 79 сая 488 мянган ам.долларын санал ирүүлсэн TBEA co.,ltd компанийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэмээн тус оны зургаадугаар сарын 19-ний өдөр тухайн компанид албан бичиг илгээсэн байна. Үүнийн зөрүү таван сая 466 мянган ам.доллар болж байна. Илтэд ийм үнийн зөрүүтэй компанийн тендерийг Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж шалгаруулсан нь хардлага дагуулахаас аргагүй юм.

10 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдсон гэх сайдын асуудал үнэндээ таван сая ам.доллар байсан бөгөөд энэ мөнгөө Арабын Нэгдсэн Эмират Улсад Хонконгоор дамжсан нислэгээр УИХ-ын нэг гишүүний хамт очиж авсан гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өглөө. Энэ нь нислэгийн тийзний баримтаар нотлогдоно гэдгийг ч мөн онцолсон. Тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан сайд болон УИХ-ын гишүүний нэр удахгүй ил болох  нь цаг хугацааны асуудал юм байна.

Редакцын зөвшөөрөлтэй нийтлэв. 

Эх сурвалж: Өглөөний сонин