БАРИМТ: Үндсэн хуулийн 6.2 буюу “нийтийн өмч” гэх заалтыг Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА санаачилжээ

БАРИМТ: Үндсэн хуулийн 6.2 буюу “нийтийн өмч” гэх заалтыг Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА санаачилжээ

Үндсэн хуулийн зарим заалт өөрчлөгдөж, энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр, мөрдөж эхэлсэн. Харин Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийн хэлэлцүүлэг өнгөрөгч 2019 оны турш явагдсан гэж хэлж болно.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ч өөрийн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө танилцуулж байв. Тухайлбал, тэрээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 108 болгон, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох санал ч гаргаж байсан билээ. 

-ҮХНӨ-ИЙН 6.2 ЗААЛТ ЯАГААД ИРГЭДИЙН ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨХ БОЛОВ-

Харин ҮХНӨ-ийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж орсныг иргэд эсэргүүцэж буй. Тодруулбал, зарим иргэд “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” хэмээн үзэж буй.

ҮХНӨ ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.4-д Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” хэмээн заажээ. Энэ зохицуулалт иргэдийг ийнхүү шүүмжлэхэд хүргэсэн байж болзошгүй байна.  Цаашлаад “ҮХ-ийн 6.2 заалтыг өөрчил” гэх иргэдийн сошиал хөдөлгөөн ч өрнөөд буй. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “НИЙТИЙН ӨМЧ” ГЭХ САНАЛ ОРУУЛЖ, МАН “ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ” БОЛГОН ӨӨРЧИЛЖЭЭ-

Тэгвэл иргэдийн шүүмжлэлийн дагуулаад буй ҮХНӨ-ийн 6.2-д орсон “нийтийн өмч” хэмээх заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан байна. Тодруулбал, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээгээд энэ оны тавдугаар сарын 25 ны өдрийг хүртэл энэхүү заалт мөрдөгдсөн байжээ.

Харин 2019 онд болсон ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн үеэр МАН-аас сонгогдсон УИХ-ын 62 гишүүний зүгээс 6.2 заалтыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж өөрчлөх санал гаргаж байжээ.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга 6.2 заалтыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн … гэж өөрчлөх санал гаргажээ. 

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Энэ талаар хуульч О.Мөнхсайхан “2019 оны 7 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Тэгээд энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан. Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй” хэмээн нийтэлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.НАРАНТУЯА ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН НИЙТИЙН ӨМЧ ГЭХ ЗААЛТЫГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ БАЙЖЭЭ–

Харин 2019 оны Долдугаар сард болсон ҮХНӨ-ийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Үндсэн хуулийн 6.2 заалтыг “Ерөнхийлөгчийн томьёолсон “нийтийн өмч” гэсэн тодорхойлолт нь зөв гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдэж, тайлбарлаж байжээ. 

-Г.ЗАНДАНШАТАР ХУУЛИЙН ХАМГИЙН ХҮНД ЯЛ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭД БЭЛЭН ГЭЖ МЭДЭГДЭВ-

Харин өнгөрөгч Наймдугаар сард ҮХНӨ-ийн 6.2 дахь заалтын талаарх хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалт, сонирхлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, УИХ ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаагаа дурдаад, хэрвээ ийм асуудал гарсан байвал хуулийн хамгийн хүнд ял, хариуцлагыг хүлээхэд бэлэн байгаа”-аа илэрхийлсэн юм. Түүний энэхүү мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэдэгдлийг хийх байтал Г.Занданшатар яагаад түүний өмнөөс дуугарав гэж шүүмжлэх иргэд ч байсан юм.