Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар 250 мянган иргэний санал өгөх эрхийг хангана гэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар 250 мянган иргэний санал өгөх эрхийг хангана гэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Эдгээр гишүүд хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэдний мэдээлснээр, хуулийн төслийн гол зорилго нь сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж. Судалгаагаар сонгуулийн насны иргэдийн ердөө 59 хувь нь санал өгдөг гэсэн дүн гарсан бөгөөд санал өгөх боломжгүй байдаг 250 мянга орчим иргэнийг сонгуульд оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буйгаа онцоллоо.

Үүнд:

  • Сонгуулийн үеэр санал авах байранд ажилладаг 46 мянга орчим төрийн албан хаагч
  • Хөдөө орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй 20 мянга орчим оюутан
  • Уул уурхайн салбарт уртын ээлжээр ажилладаг 56 мянга орчим ажилтан
  • Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй 120 мянга орчим иргэн багтаж байгаа юм байна.

Тэгвэл хуулийн төсөлд эдгээр иргэдийг санал өгөх эрх зүйн бололцоогоор хангах зорилгоор дараах гурван арга замыг тусгажээ. 

Нэгдүгээрт, сонгогч өөр газарт байх үедээ хамгийн ойр байрлах санал авах хэсэгт очиж, өөрийн харьяаллын хаягаар санал өгөх боломжтой болох аж. Ингэснээр шилжилт хөдөлгөөн болон “царцааны нүүдэл”-ийг цэгцлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хоёрдугаарт, санал авах өдрөөс өмнөх гурван хоногт урьдчилан санал өгөх эрхийг нээж өгөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, санал авах өдөр орон нутаг руу явах зэрэг нөхцөлтэй иргэд өмнөх өдрүүдэд саналаа өгөх боломжтой болно.

Гуравдугаарт, гадаадад байгаа иргэдийн санал авах хугацааг сунгах зохицуулалт оруулсан байна. Өмнө нь хоёр хоног санал авдаг байсан бол цаашид нийт тав хоног санал авдаг болно гэжээ.