АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Тайванийн асуудал гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Тэдний үзэж буйгаар, Ши Жиньпин энэ боломжийг ашиглан АНУ-ыг Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоох чиглэлд шахалт үзүүлж магадгүй байгаа аж.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятад, Тайванийн асуудал хариуцсан ахлах захирал асан Жулиан Гевиртз BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, “Ши Жиньпин энэ асуудлаар үргэлж хүчтэй шахалт үзүүлдэг. Харин санаа зовоож буй зүйл нь Д.Трамп тодорхой хэмжээнд буулт хийж магадгүй байгаа” хэмээн мэдэгджээ.
Хятад улс Тайванийг өөрийн салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд эцэст нь Бээжингийн хяналтад нэгтгэнэ гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлсээр ирсэн юм. Мөн шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхийг ч үгүйсгээгүй юм.
Харин АНУ “Нэг Хятад” бодлогыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг ч Тайваньтай албан бус, нягт харилцаагаа хадгалсаар байгаа бөгөөд тус арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах хууль ёсны үүрэгтэй хэвээр байгаа. Гэвч Жулиан Гевиртзийн хэлснээр, Д.Трамп өмнөх ерөнхийлөгчдийн адил Тайванийг тогтсон өнцгөөс хардаггүй аж.
“Д.Трамп өмнө нь Тайванийг хагас дамжуулагчийн салбарт хэт давамгайлж байна гэж шүүмжилж байсан. Мөн Тайвань газарзүйн хувьд АНУ-аас илүү Хятадын эрэгт ойр байрладаг гэдгийг онцолж байсан” хэмээн тэр дурджээ. Иймээс энэ удаагийн АНУ, Хятадын дээд хэмжээний уулзалт нь зөвхөн худалдаа, эдийн засгийн асуудлаас гадна Тайванийн ирээдүй, бүс нутгийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC