Хотын дарга Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшин, Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан нарыг томилсон.
Тэгвэл Г.Жаргалсайхан Хотын орлогчоор томилогдсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалд хэн томилогдох тухай асуудал анхаарал татаж эхэллээ. Улс төрийн хүрээнд Н.Баянмөнхийг уг албан тушаалд буцаан томилж магадгүй гэх мэдээлэл яригдаж байгаа аж. Тэрбээр өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодож, улмаар хариуцлага хүлээн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгч байсан юм. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд төдийлөн улс төрийн идэвхгүй байсан Н.Баянмөнх сүүлийн үед намынхаа залуу гишүүдэд эв нэгдэл чухал байгааг сануулж, дотоод асуудалд байр сууриа илэрхийлэх болсон байна. Энэ нь түүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын албан тушаалд эргэн томилогдох тохироо хийгдсэнтэй холбоотой байж болзошгүй гэх хардлагыг улс төрийн хүрээнд дагуулж буй аж.