МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжав улиран сонгогдох боломжтой

МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжав улиран сонгогдох боломжтой

Монгол үндэсний бөх нь олон мянган жилийн түүхтэй, монгол хүний оюуны дархлаа, эв нэгдлийн бэлэгдэл болсон үндэсний том өв соёл юм. 

Тэгвэл энэ гайхамшигт өв соёлын ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох МҮБХ-ны 10-р "Их Эе" хурал өнөөдрөөс яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 15-ны өдөр /2026.05.15/  Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тус хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн батлах, сонгуульт хугацааны тайлангуудыг хэлэлцэх, МҮБХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид, Барилдааны дүрэм, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл ба Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Товчхондоо, монгол бөхийн дараагийн дөрвөн жилийн өнгө төрх ямар байхыг энэ хурлаар тодорхойлно гэхэд хол зөрөхгүй болов уу. Учир нь хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлийн 25 гишүүн олонхын ирцийг бүрдүүлэн хуралдаж, МҮБХ-ны дотоод үйл ажиллагаа болон салбар холбоо нэгжүүд, дэвжээд, бөхчүүд, дасгалжуулагчид, жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүйн асуудал, МҮБХ-ны төсөв санхүүг хэлэлцэн батлах эрх үүрэгтэй байдаг юм. 

- НЭГ АЙМГААС АЙМГИЙН БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН, УЛСЫН ХАРЦАГА, НАЧИН БОЛОН АЙМАГ, СУМЫН ЦОЛТОЙ БӨХ ТУС БҮР НЭГ ОРОЛЦОНО- 

“Их Эе” хурал дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд Улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоодын гишүүд оролцдог. Түүнчлэн МҮБХ-ны сонгуульт үүрэг гүйцэтгэж буй аймаг болон жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон тэргүүлэгчид бүхий 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг журамтай.  Тодруулбал, Улсын заан цолтон болон түүнээс дээш цолтой бөхчүүд шууд оролцоно. Түүнчлэн 21 аймаг болон Багануур, Налайх дүүргээс тус бүр таван төлөөлөгч оролцох журамтай. Үүнд, Аймгийн бөхийн холбооны тэргүүн эсвэл  зүтгэлтэн, Улсын харцага цолтой бөх, Улсын начин цолтой бөх, аймгийн цолтой бөх, сумын цолтой бөх тус бүр нэг багтдаг аж.

- ШУДАРГА ӨРСӨЛДӨХ ҮҮДНЭЭС НЭР ДЭВШИГЧДИЙГ ЗАРЛАДАГГҮЙ - 

МҮБХ-ны одоогийн тэргүүн Улсын заан Ц.Магалжавын тухайд 2018 оны “Их Эе” хуралд нэр дэвшин, тэргүүн болж байв. Мөн 2022 онд улиран сонгогдсон. Тэрбээр тэргүүнээр сонгогдсоноосоо хойш Монгол бөхийн өргөөний барилгыг засварлан шинэчлэж, дотоод засварыг хийсэн, Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаануудыг дамжуулах телевизийг олон улсын жишигт нийцүүлэн тендерээр шалгаруулдаг болсон зэрэг 

Түүнчлэн, зөвхөн Үндэсний их баяр наадмын дараа допингийн шинжилгээ авдаг байхад бөхчүүд хугацаагаа тооцоолоод допинг хэрэглэж байна гэж үзсэн учир явцын допингийн шинжилгээг нэвтрүүлсэн нь одоо хэрэгжиж байна. Мөн "Их эе" хурлын зохион байгуулалт, оролцож буй хүмүүсийн тоог нэмэх хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг ч бөхчүүд, бөх сонирхогчид хэлдэг.  Одоогийн тэргүүний хийж буй ажлын тухайд цухас дурдахад ийм. Тэгвэл "Их эе" хуралд Ц.Магалжав заан дахин нэр дэвшиж өрсөлдөх эрх нь ч бүрэн нээлттэй.  МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай. Өөрөөр хэлбэл шударга өрсөлдөх үүднээс урьдчилж нэр дэвшигчдийг зарладаггүй учир хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.

- Ч.САНЖААДАМБА: БАРИЛДАЖ БАЙГАА БҮХ БӨХЧҮҮДЭЭ ЦУГЛУУЛЖ БАЙГААД САНАЛ ХУРААВАЛ БИ ДЭВШЬЕ - 

Бөх сонирхогч үзэгчдийн дунд МҮБХ-ны тэргүүнд Улсын аварга Ч.Санжаадамба болон Улсын аварга С.Мөнхбат нар нэрээ дэвшүүлнэ гэсэн таамаг тархаад байгаа юм. Тэр ч байтугай Увс аймаг бөхийн холбооны тэргүүнээр өөрийн хүнийг тавихын тулд С.Мөнхбат аваргын нэрийг зориуд тарааж байгаа гэх яриа ч бөх сонирхогчдын дунд гараад байгаа аж. Тэгвэл С.Мөнхбат аваргын хувьд энэ мэдээллийг үгүйсгэж, МҮБХ-ны тэргүүнд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Харин Ч.Санжаадамба аваргын тухайд одоогийн МҮБХ-ны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг бөхчүүдийн нэг билээ. Тухайлбал, одоо зохион байгуулагдах гэж буй “Их эе” хурлыг, заавал Улсын заан цолноос дээш цолтой бөх оролцоно гэлгүй бүх бөхчүүдийг нээлттэй оролцуулан, шууд нэр дэвших боломжоор хангах ёстой хэмээдэг.  Тэрбээр өмнөх “Их эе” хурал дээр хэлсэн үгэндээ “Монгол бөхөд салхи оруулахгүй бол болохгүй болжээ. Өнөөдөр энэ хуралд орж ирж чадаагүй олон бөхчүүд байхад зүгээр л суудал бөглөсөн юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй хүмүүс сууж байна. Үндэсний бөхөөр барилдаж байгаа бүх залуучуудаа Монгол бөхийн өргөөнд цуглуулж байгаад санал хураавал би дэвшье” хэмээн бухимдан ярьж байжээ.

Ингээд ямар ч байсан МҮБХ-ны сонгууль хуваарийн дагуу болдгоороо болно. Харин хэнийг сонгох нь хурлын өдөр Монгол бөхийн өргөөг зорин ирсэн бөхчүүдийн мэдэх хэрэг байдаг аж. Бас нөгөө талдаа тэр өдөр хэн бөхийн өргөөг зорин ирэх вэ гэдэг нь тухайн хурлаар сонгогдсон Тэргүүний шийдэх ажил аж. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө