Иргэдийн мэдэх эрхийг хангаж, мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг заналхийлж байж болзошгүй ноцтой асуудал үүсээд байгаа юм. Тиймээс уг асуудлын талаар сэтгүүлч Э.Дөлгөөнтэй ярилцлаа.
ВИДЕО:
-ХҮҮХДИЙН МААНЬ СУРГУУЛЬ ОРЧМЫГ ХҮРТЭЛ СУДАЛСАН БАЙСАН-
-Хоёр хоногийн өмнө таны цахим хуудсандаа нийтэлсэн пост олон нийтийн анхаарлыг татлаа. Тэр мэдээлэл маш ноцтой санагдсан. Ярилцлагаа энэ сэдвээс эхэлье.
-Өнгөрөгч тавдугаар сарын 4-ний өдөр манай нөхөр хүүхдээ авахаар сургуулийнх нь гадаа хүлээж байсан юм. Тэр үед хоёр үл таних залуу манай машины арын хоёр хаалгыг татаж үзжээ. Хэрэв хаалга онгорхой байсан бол нөхцөл байдал яаж эргэх байсныг хэлэхэд хэцүү.
Хаалга цоожтой байсан учраас урд талын хаалгыг татсан гэсэн. Манай нөхөр дотор нь сууж байсан болохоор цонхоо бага зэрэг онгойлгоод“Та нар ямар учиртай хүмүүс вэ? Яах гэж хүний машины хаалга татаад байгаа юм бэ?” гэж асуусан байгаа юм. Тэгтэл нөгөө хүмүүс: “Түвшинтөгс хурандаагийн явуулсан машин мөн үү?” гэж асуусан гэсэн. Манай нөхөр “Юун Түвшинтөгс хурандаа вэ?” гэхэд дахиад нэрээ өөрчлөөд Баясгалан хурандаагийн явуулсан машин мөн үү?” гэж асуусан байгаа юм.
Манай нөхөр “Хүний нэр барьж худлаа яриад, ямар хүмүүс ингэж хүний эд хөрөнгөд халдаад байгаа юм бэ?” гэж хэлтэл тэр хоёр дахиж юм яриагүй.
Тэгээд улсын дугааргүй саарал өнгийн “Prius 30” машинд суугаад манай машины хажууд ирээд “Авгайгаа аятайхан бай гэж хэлээрэй. Аягүй байгаа шүү” гэж хэлээд явсан.
Энэ явдлын хамгийн ноцтой нь юу вэ гэхээр тэд миний хүүхдүүдийн сурдаг сургууль, бид хэдэн цагийн үед очиж авдгийг мэдэж байсан. Энэ бол ганц өдрийн дотор мэдчих мэдээлэл биш. Нэлээд хугацаанд судалсан байна гэсэн үг. Намайг, манай нөхрийг, машиныг маань, хүүхдийн сургуулийн орчныг хүртэл мэдэж очсон байна гэдэг бол шууд заналхийлэл. Зөвхөн над руу биш, миний гэр бүл рүү чиглэсэн дарамт гэж ойлгосон. Тиймээс аюулгүй байдлаа хамгаалах үүднээс би тэр даруй цахим хуудсандаа мэдээлэл оруулсан. Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан. Одоогоор шалгаж байгаа.
Үнэнийг хэлэхэд, энэ бол миний сэтгүүлчээр ажилласан хугацаанд тохиолдож буй анхны заналхийлэл биш. Гэхдээ энэ удаад хүүхдийн маань сургуулийн орчинд ийм асуудал болсон учраас зүгээр өнгөрөөж болохгүй гэж бодсон.

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙГ ШҮҮМЖИЛСЭН БАЙР СУУРЬТАЙ МААНЬ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА ХҮМҮҮС БИЙ
-Ямар шалтгаанаар таныг ингэж заналхийлж байна гэж та харж байна вэ?
-Бид өдөр тутам мэдээлэлтэй ажилладаг. Эх сурвалжаас авсан мэдээллээ хууль эрх зүйн хүрээнд нягталж, цаана нь ямар ашиг сонирхол, ямар логик байгааг тайлбарлаж олон нийтэд хүргэдэг. Би 2009 онд Eagle телевизэд мэдээний сэтгүүлчээр орсноосоо хойш газар шороо, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой сэдвүүдийг голчлон сурвалжилж ирсэн.
“Үг үйлдэл” нэвтрүүлгээрээ дамжуулж Монгол Улсын хөгжлийн бодлого, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашигтай холбоотой асуудлуудыг хөндөж байсан. Энэ хугацаанд үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомжуудыг ч судалсан.
Ийм сэдэв хөндөнө гэдэг өөрөө эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолтой тулна гэсэн үг. Хэн нэгний нэр хүнд, бизнес, улс төрийн ашиг сонирхол хөндөгддөг.
Сүүлийн үед би Туулын хурдны замын төслийн талаар олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хотын хөгжлийн бодлого ундны усны эх үүсвэр, байгаль орчны аюулгүй байдлыг үл тоомсорлож болохгүй гэдэг байр суурийг ил тод хэлж байсан.
Туул голын урсац, экосистемд нөлөөлөх асуудлыг ч ярьсан. Байгаль өөрөө жамаараа орших эрхтэй гэдэг санааг олон удаа хэлсэн. Энэ байр суурьтай маань зөрчилдөж байгаа хүмүүс бий.
-Тэгэхээр Туулын хурдны замын төслийг эсэргүүцсэнтэй холбоотой байж магадгүй гэж та хардаж байна уу?
-Хардлага байгаа. Гэхдээ үүнийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Энэ төсөлтэй холбоотой их хэмжээний мөнгө, авлигын асуудал яригдаж байгаа талаар олон мэдээлэл гарсан. Түүнээс гадна төслийг урагшлуулахын төлөө “амиа өргөхөд ч бэлэн” гэх утгатай үг хэлж байсан албан тушаалтнууд бий.
Би аливаа зүйл санамсаргүй тохиолддог гэж боддоггүй. Улс төрд бүх зүйл тодорхой тактик, технологийн дагуу өрнөдөг. Туул голын урсацад олон зуун бетон багана ямар нөлөө үзүүлэх вэ, энэ нь цааш Орхон, Сэлэнгэ мөрөн, улмаар Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултыг заавал тавих ёстой. Энэ бол зөвхөн нэг замын асуудал биш. Маш том ашиг сонирхлын сүлжээний асуудал гэж би харж байгаа.
-Таны постод дурдагдсан хурандаа нарын нэрийг та шалгаж үзсэн үү?
-Шалгуулсан. “Түвшинтөгс”, “Баясгалан” нэртэй хурандаа цагдаа, хүчний байгууллагад байхгүй гэсэн мэдээлэл авсан. Тэгэхээр энэ нь зориуд төөрөгдүүлэх, айлган сүрдүүлэх ажиллагааны нэг хэлбэр байсан гэж ойлгож байгаа. Цагдаагийн байгууллагаас ч надтай холбогдсон. Хүсэлтээ албан ёсоор өгчих, богино хугацаанд шалгаж шийдвэрлэнэ гэсэн. Би өөрөө цагдаагийн байгууллагад итгэдэг.

-СЭТГҮҮЛЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭХ СУРВАЛЖАА ХАМГААЛАХ ЭРХ, МЭДЭЭЛЭЛ ДЭЭРЭЭ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖ, МЭРГЭЖЛИЙН ХАРААТ БУС ОРЧИН ГЭЭД БҮГДИЙГ ЦОГЦООР НЬ ХАМГААЛСАН ХУУЛЬТАЙ БАЙЖ ГЭМЭЭНЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ЭРҮҮЛЖИНЭ-
-Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөгөө эдлэх хууль, эрх зүйн орчин Монголд хангалтгүй байна гэх шүүмжлэл байнга гардаг. Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд цөөн хэдэн ерөнхий заалт байгаагаас бус, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалсан цогц зохицуулалт тун хомс. Таны хувьд сэтгүүлчдийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах ёстой гэж үздэг вэ?
-Одоогоор бидэнд мөрдөгдөж байгаа нь 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль. Ердөө дөрвөн заалттай, үнэхээр өрөвдмөөр хууль шүү дээ. Миний харж байгаагаар тухайн үед хэвлэл мэдээллийн салбарт цензургүй, хараат бус мэдээллийн суурь тавих зорилго байсан байх. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд энэ хууль хангалтгүй болсон. Ер нь аливаа улсын аюулгүй байдал хамгийн түрүүнд эрх зүйн бодлогоороо баталгааждаг. Түүний дараа хууль нь тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулдаг.
Манай 1998 оны хуульд сэтгүүлчийн аюулгүй байдлын талаар ганц ч заалт байхгүй. “Хэвлэл мэдээлэл чөлөөтэй байна” гэсэн ерөнхий тунхаг төдий зүйлүүд л бий.
Гэтэл бодит байдал дээр хэвлэл мэдээллийн салбар хүнээр дамжиж ажилладаг. Хэчнээн өндөр хүчин чадалтай техник төхөөрөмжтэй байлаа ч түүнийг хүн ажиллуулна. Тиймээс энэ салбарын хамгийн чухал субъект нь сэтгүүлч өөрөө. Сэтгүүлчийн аюулгүй байдал, эх сурвалжаа хамгаалах эрх, мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийх боломж, мэргэжлийн хараат бус орчин гээд бүгдийг цогцоор нь хамгаалсан хуультай байж гэмээнэ хэвлэл мэдээллийн салбар эрүүлжинэ. Үндсэн хуулийн цэц иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг баталгаажуулж шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө талд нь “гүтгэх” гэдэг заалтыг дахин эрүүгийн шинжтэй болгох яриа өрнөөд эхэлж байна. Ингээд харахаар нэг гараараа эрх чөлөө өгч байгаа мэт атлаа нөгөө гараараа буцаагаад боомилох гэж байгаа юм шиг санагддаг. Ялангуяа “гүтгэлээ”, “доромжиллоо” гэсэн заалтыг хамгийн их ашигладаг хүмүүс нь улс төрчид байдаг. Тэдэнтэй холбоотой баримт дэлгэхээр л “нэр төрд халдлаа” гэдэг. Гэхдээ энд хэвлэл мэдээллийн салбар өөрөө ч бас буруутай тал бий.
Мөнгөний төлөө пиар хийдэг, захиалгат мэдээлэл түгээдэг, салбарын нэр хүндийг унагадаг хүмүүс бий болсон. Өнөөдрийн нийгмийн оюуны самуурал, мэдээллийн бохирдолд манай салбар ч гэсэн тодорхой хэмжээнд буруутай гэж би боддог. Сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар өндөр байх тусам нийгмийн чанар ч дагаад өснө. Харин эсрэгээрээ салбарын түвшин унахад нийгмийн соёл, ёс суртахуун ч доройтдог. Харамсалтай нь өнөөдөр хэвлэл мэдээллийн салбар мөнгө угаах, нөлөөллийн хэрэгсэл болох эрсдэл рүү орчихсон. Зарим хүмүүс “энэ салбараар дамжаад баяжиж болно” гэсэн буруу ойлголтыг бүрдүүлсэн. Үүнээс болоод жинхэнэ мэргэжлийн, нэр төртэй сэтгүүл зүй шахагдаж байна. Тиймээс бид эхлээд өөрсдөө боловсрох ёстой. Зөвхөн сошиалд тааруулсан богино пост биш, урт хэмжээний аналитик нийтлэл, эрэн сурвалжилсан бүтээл бичдэг чадвартай байх хэрэгтэй. Өнөөдөр хүмүүсийн анхаарал маш богино болсон. Гар утаснаасаа хэдхэн өгүүлбэр уншаад л мэдээлэл авч байна. Их, дээд сургуульд сурч байгаа зарим оюутан хүртэл үргэлжилсэн урт эх уншаад ойлгох чадваргүй болж байна гэж багш нар ярьдаг. Энэ бол зөвхөн боловсролын биш, мэдээллийн орчны хямрал юм.
-Энэ бүхний дараа та айж, дуугүй болох тухай бодож байна уу?
-Би тийм амар ухардаг хүн биш. Миний хүүхдүүд, тэдний ирээдүй энэ газар нутаг дээр амьдарна. Тиймээс Монголын газар шороо бүрэн бүтэн байх асуудлыг би зөвхөн сэтгүүлчийн ажил гэж хардаггүй. Энэ бол ураг удмынхаа өмнө хүлээж байгаа үүрэг гэж ойлгодог. Хүүхдүүддээ бүтэн эх орон үлдээхийн төлөө би дуугарна. Хуулийн байгууллага энэ асуудлыг шударгаар шалгаж шийднэ гэдэгт итгэж байна. Мөн хэвлэлийн эрх чөлөөний төлөө цаашид ч байр сууриа илэрхийлсээр байх болно.
Ярилцсанд баярлалаа.
