БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ, Хятадын худалдааны багуудын сүүлийн уулзалт “ерөнхийдөө тэнцвэртэй бөгөөд эерэг үр дүнд хүрсэн” гэж мэдэгдсэнийг Хятадын төрийн хэвлэлүүд дамжуулжээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өчигдөр Өмнөд Солонгост Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэнтэй уулзсан байна. Энэхүү уулзалт нь өнөөдөр болох АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал хэлэлцээ гэж үзэж байна.
Ши Жиньпин мэдэгдэлдээ, “Худалдааны дайнд ялагч байдаггүйг бодит байдал дахин дахин харуулсан. Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааны үндэс нь харилцан ашигтай хамтын ажиллагаа юм” хэмээн онцолжээ. Мөн тэрээр хоёр тал сүүлийн үед бий болсон “эерэг эрч хүч”-ийг хадгалахын тулд хамтран ажиллах шаардлагатайг дурдсан байна.
Сүүлийн жилүүдэд Вашингтон, Бээжингийн харилцаа тариф, технологийн хориг, нийлүүлэлтийн сүлжээ болон геополитикийн асуудлаас үүдэн хурцадмал хэвээр байгаа ч талуудын энэ удаагийн уулзалтыг харилцааг тогтворжуулах оролдлого гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC