Ховд аймагт менингококкт халдварын улмаас долоон настай хүүхэд өчигдөр /2026.03.12/ нас барсан тохиолдол бүртгэгджээ. Менингококкт халдвар нь менингококк нян үүсгэдэг бөгөөд халдвар авсан хүний биеийн байдал богино хугацаанд огцом муудаж, амь насанд аюултайд тооцогддог аж.
Өвчний шинж тэмдэг ихэвчлэн 12–16 цагийн дотор илэрч, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэхгүй бол хүндрэх эрсдэл өндөр байдаг. Тус нян тархины зөөлөн давхаргад үрэвсэл үүсгэж, идээт менингит үүсгэдэг байна. Халдвар нь өвчтэй хүн болон эрүүл нян тээгчээс агаар дуслын замаар дамждаг бөгөөд ялангуяа 0–5 насны хүүхдүүд өртөмтгий бүлэгт багтдаг. Өвчилсөн хүүхэд 38–40 хэм хүртэл өндөр халуурч, биеийн байдал хурдан хүндэрч, зарим тохиолдолд шооконд орж болзошгүйг эмч нар анхааруулж байна. Мөн энэ өвчнийг ханиад томуутай андуурч, эмчилгээг хойшлуулах эрсдэл бий. Менингококкт халдварын үед хүүхдийн хөлнөөс эхэлж улаан тууралт гарч болох тул эцэг эхчүүд анхааралтай ажиглах шаардлагатай. Хэрэв хүүхэд 38 хэмээс дээш халуурч, халуун буурахгүй байх, гэрэл болон дуу чимээнд хэт мэдрэг болох, толгой хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан таван тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод хоёр, Дархан-Уул аймагт нэг, Ховд аймагт нэг, Увс аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөн нэг тохиолдол нас барсан талаар мэдээлж байсан юм. Харин гуравдугаар сарын 5-наас хойш халдварын тохиолдлын тоо болон нас баралтын мэдээлэл нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байна.