Итали Улс хэрэглэгчдийн хувийн зураг, бичлэгт зөвшөөрөлгүй нэвтэрсэн асуудлаар "Meta"-г 805 сая еврогоор торгожээ

Итали Улс хэрэглэгчдийн хувийн зураг, бичлэгт зөвшөөрөлгүй нэвтэрсэн асуудлаар "Meta"-г 805 сая еврогоор торгожээ

Итали улс “Facebook”, “Instagram” зэрэг олон нийтийн сүлжээг эзэмшдэг Meta компанид хэрэглэгчдийн хувийн зураг, бичлэгт зохих зөвшөөрөлгүй нэвтэрсэн асуудлаар 805 сая еврогийн торгууль ногдуулжээ.

Тодруулбал, Facebook аппликейшнд хэрэглэгчийн утасны галерейд хадгалагдсан зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэхийг санал болгодог функц ажиллаж байжээ. Гэвч уг үйлдлийн талаар хэрэглэгчдэд хангалттай тодорхой мэдээлэл өгөөгүй, тусгай зөвшөөрөл аваагүй бөгөөд анхдагч тохиргоогоор идэвхтэй байсан гэж Италийн эрх баригчид үзсэн байна.

Энэ зөрчилд Италийн 20 сая орчим “Android” хэрэглэгч өртсөн байж болзошгүй аж. Мөн эрх баригчид “Meta” компанид уг функцийг анхдагч тохиргоогоор идэвхгүй болгож, хэрэглэгчдээс тусгай зөвшөөрөл авах шаардлагыг тавьсан бөгөөд 60 хоногийн хугацаа өгчээ. Торгуулийн хэмжээг тогтоохдоо зөрчилд өртсөн хэрэглэгчдийн тоо, зөрчил үргэлжилсэн хугацаа болон шалгалтын явцад компанийн хамтын ажиллагаа хангалтгүй байсан зэргийг харгалзан үзсэн байна. Харин Meta компани уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, торгуулийг үндэслэлгүй өндөр гэж үзэн давж заалдахаа мэдэгджээ. Компанийн тайлбараар хэрэглэгчид гар утасныхаа тохиргоогоор дамжуулан аппликейшний зөвшөөрлийг удирдах боломжтой аж.