Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг хууль зөрчиж томилогдсон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга М.Доржийг чөлөөлөх Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар огцруулж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлж магадгүй байна.
Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар нь үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнө буюу энэ оны гуравдугаар сард Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Б.Батбилгүүнийг Төрийн албан тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчиж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хоёр шатны шүүхээр ял шийтгэгдсэн, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Доржийг томилсон байна.
Улмаар энэ нь Төрийн албаны зөвлөлийн "шалгалт"-аар илэрч, энэ дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Доржийг чөлөөлж, Б.Батбилгүүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт Төрийн албаны зөвлөлөөс даалгасан байна.
Гэвч Ц.Сандаг-Очир сайд Төрийн албаны зөвлөлийн даалгаврыг биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргаж, энэ хүрсэн аж.
Тиймээс сайд Ц.Сандаг-Очирыг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй хэмээн төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийг анхааруулсан байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын "хамгаалж" өнөөг хүртэл чөлөөлөхгүй байгаа Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Дорж нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгнээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус хамгаалалтын захиргаанд нэр бүхий компанийн 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 22/9 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд 7954.7 м.кв талбай бүхий газар ашиглахыг дэмжих санал гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт ирүүлснийг тус газрын мэргэжилтэн Г.Мөрөн удирдлагын цохолтын дагуу хүлээн авч 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр газар ашиглах хүсэлтийг дэмжих санал гаргахаас татгалзсан агуулга бүхий албан бичгийн төсөл боловсруулсныг хянаад гарын үсэг зуралгүйгээр, дээрх хүсэлтийг өөр мэргэжилтэн Т.Төмөр-Очирт дахин цохож, улмаар түүний боловсруулсан газар ашиглах хүсэлтийг хангаж дэмжих саналыг холбогдох яаманд уламжлах агуулга бүхий албан бичгийн төслийг албажуулан гарын үсэг зурснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Жамбалдоржийн хамаарал бүхий нэр бүхий компанид давуу байдал бий болгосон хэрэгт холбогдож, шүүхээс торгох ял сонсож байжээ.