"Оюу толгой"-н ногдол ашгийн 3 их наяд төгрөгөөр Хөвсгөл хүртэл дөрвөн эгнээ зам, 90 МВт-ын гурван усан цахилгаан станц эсвэл 297 эмнэлэг барих боломжтой

"Оюу толгой"-н ногдол ашгийн 3 их наяд төгрөгөөр Хөвсгөл хүртэл дөрвөн эгнээ зам, 90 МВт-ын гурван усан цахилгаан станц эсвэл 297 эмнэлэг барих боломжтой

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах үүрэг төрд бий. Харин төрийн эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид хэрэгжүүлдэг билээ.

Гэтэл иргэдийнхээ наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгааг бид мэдэхийн дээдээр мэдэж, мэдрэхийн ихээр мэдэрч явна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж хүрэлцэхгүй, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, орон сууцны үнэ иргэдийн худалдан авах чадвараас хэт өндөр, нийслэлийн замын түгжрэл өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Эрчим хүч, шатахууны хангамжийг бүр ч ярилтгүй.  Төр барьж буй хэсэг иргэд ард түмнийхээ наад захын хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй байж Оюу толгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг иргэдийн дансанд бэлнээр тараах талаар өдөр шөнөгүй хэлэлцэж байгаа нь анхаарал татсаар буй.

Улс төрчдийн зүгээс иргэдэд энэ мөнгөөрөө нэг гуя авч, аппликейшний зээлээ төлж болно хэмээн зааварлаж байна. Мэдээж иргэд гуяа авах уу, хаагаа авах уу гэдгээ тэднээс илүү мэдчихнэ. Харин үүний дараа тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах ядаж нэг эрх хангагдаж чадах уу гэсэн асуулт үлдэж байгаа юм. Тэгвэл "Оюу толгой" -н ногдол ашгийн гурван их наяд төгрөгөөр юу хийж болох вэ. 

- УЛААНБААТАР-ХӨВСГӨЛ ХҮРТЭЛ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМ ТАВИХ БОЛОМЖТОЙ - 

Өнөөдрөөс яг л хоёр жилийн өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг ашиглалтанд оруулж бид нэг сайн башийж байв. Одоо бол Дархан явна гэдэг хотын зах орохтой адил шахуу санагддаг болсон гэхэд ч хэтийдэхгүй. Энэхүү дөрвөн эгнээ замын нийт төсөвт өртөг 720 тэрбум төгрөг бөгөөд нэг км замын өртөг ойролцоогоор 3.53 тэрбум төгрөг болно.  Энэ жишгээр тооцвол гурван их наяд төгрөгөөр 850 орчим км дөрвөн эгнээ авто зам барих боломжтой. Тухайлбал, Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн хот хүртэлх 788 км замыг ийм өртгөөр тооцон барих хэмжээний хөрөнгө бүрдэнэ. Мөн Монгол Улсын экспорт, импортын гол гарц болох Замын-Үүд хүртэлх 656 км авто замыг шинэчлэх боломжтой гэсэн үг. 

- ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ТАЙ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ГУРВАН СТАНЦ БАРЬЖ БОЛНО - 

Монгол Улсын хувьд эрчим хүчний хангамж, импортын хараат байдлыг бууруулах нь мөн л стратегийн чухал асуудал. Энэ өвөл хөлдөх үү, үгүй гэж асуутлаа энэ салбарт "доройтчихоод" байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотод баригдаж буй 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар буюу 2.37 их наяд төгрөг. Харин Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдаж буй 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын өртөг 266.46 сая ам.доллар буюу ойролцоогоор 959.2 тэрбум төгрөг юм. Эдгээр төслийн өртгийг жишиг болгон тооцвол гурван их наяд төгрөгөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай ижил хэмжээний гурван станц барих хөрөнгө бүрдэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, цаашид импортын хамаарлыг бууруулахад чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болох боломжтой. Ингэснээр бид өнөөдөр илүү нэг гуя авч идэхээс илүү маргааш цахилгаанаа хүнээс гуйдаггүй болж чадах юм. 

- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТАЛ ӨРТӨГ- 

Шатахууны хангамж, импортын хараат байдал бол Монгол Улсын эдийн засаг, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг асуудлын нэг. Үүнийг урт хугацаанд шийдвэрлэх гарцын нэг нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох явдал юм. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Монгол Улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэр нийт 1.7 тэрбум ам.долларын санхүүжилттэй бөгөөд өнөөгийн ханшаар тооцвол ойролцоогоор 6.1 их наяд төгрөгийн өртөгтэй. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны хэрэгцээний 55 орчим хувийг хангах зорилготой.

Тэгвэл Оюу толгойн ногдол ашигт хамаарах гурван их наяд төгрөг нь уг үйлдвэрийн нийт өртгийн бараг талтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм.

Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг бэлнээр тараахын оронд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд чиглүүлсэн бол шатахууны импортын хамаарлыг бууруулах стратегийн төслийг урагшлуулахад бодит хувь нэмэр оруулах боломжтой байв. Дотооддоо евро стандартын шатахуун үйлдвэрлэж эхэлснээр нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахаас гадна хүний эрүүл мэнд,  бүтээгдэхүүний чанар, байгаль орчин, автомашины ашиглалттай холбоотой олон асуудалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

- 297 ЭМНЭЛЭГ, 120 СУРГУУЛЬ, 488 ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ - 

Тэгвэл цаашлаад хүүхдүүдийн боловсрол эзэмших орчин, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд гурван их наяд төгрөгийг зарцуулбал ямар хэмжээний бүтээн байгуулалт хийх боломжтой вэ.  Тухайлбал, 100 ортой нэг нэгдсэн эмнэлгийн барилгын өртгийг 10.1 тэрбум төгрөгөөр тооцвол гурван их наяд төгрөгөөр 297 эмнэлэг барих хэмжээний хөрөнгө бүрдэнэ. Энэ нь нийт 29,700 ортой эмнэлгийн хүчин чадал шинээр бий болгох боломж гэсэн үг.

Харин 960 хүүхдийн суудалтай нэг сургуулийг 25 тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол 120 сургууль байгуулах боломжтой. Мөн 240 хүүхдийн ортой нэг цэцэрлэгийн барилгын өртгийг 6.137 тэрбум төгрөгөөр тооцоход гурван их наяд төгрөгөөр 488 цэцэрлэг барих хөрөнгө бүрдэх бөгөөд нийт 117 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. 




Өнөөдөр туулай өдөр

53 минутын өмнө