Ж.Батжаргал: Усны тухай хуулийн төсөлд онцгой хамгаалалтын бүсийг 100 метр болгохоор тусгасан нь Туул гол дагуух зам, иргэдийн амрах байгууламжаа хэрхэх вэ гэх асуудал дагуулна

Ж.Батжаргал: Усны тухай хуулийн төсөлд онцгой хамгаалалтын бүсийг 100 метр болгохоор тусгасан нь Туул гол дагуух зам, иргэдийн амрах байгууламжаа хэрхэх вэ гэх асуудал дагуулна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар гишүүдийн идэвх, оролцоог сайжруулах тал дээр ярилцлаа. Өнгөрсөн баасан гарагаас эхлэн МАН-ын бүлэг уул уурхайн компаниудын лоббид ороод Усны тухай хуулийг гарцаалаа хэмээн мэдээлэл хийж байна. Гэхдээ уг хуулийн төсөлд анхаарах ёстой, улс орны эрх ашигт хамаарах заалтууд байна. Бид сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ урагшлуулахаар Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулах гэж хичээж байгаа. Гэтэл Усны тухай хуульд гамшиг, аюулаас хамгаалах чиглэлтэй буюу үерийн далан зэрэг байгууламж онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдсөн ч бусад зүйлс хаагдаад байна. Тэгвэл цахилгаан станц зэргээ хэрхэн шийдэх вэ гэх асуудал яригдана. Туул гол дагуу төв зам бий. Зарим үед Туул гол, зам хоёрын хооронд 50 метрийн зайтай хэсэг бий. Гэтэл одоо Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсийг 100 метр болгоё гэж байгаа. Тэгэхээр бид Туул гол дагуух замаа хэрхэх вэ гэх асуулт бас гарч байна. Мөн Туул голоо түшиглээд иргэд амрах дэд бүтцийг байгуулсан. Мишээл групп хүртэл байгуулсан ногоон байгууламжийг яах вэ. Энэ мэт асуудлууд байна. Илүү боловсронгуй болгох ёстой. Манай бүлэг дээр энэ асуудлыг ярьж, хэлэлцсэн” гэсэн юм.