Бодь Интернэшнл компани "Х.Нямбаатарын мэдээлэлд дурдсан 4.7 сая ам.долларын шилжүүлэг, мөнгөний зураг зэрэг нь зохиомол гүтгэлэг" гэж мэдэгдэв

Бодь Интернэшнл компани "Х.Нямбаатарын мэдээлэлд дурдсан 4.7 сая ам.долларын шилжүүлэг, мөнгөний зураг зэрэг нь зохиомол гүтгэлэг" гэж мэдэгдэв

“Бодь Интернэшнл” ХХК-аас өнөөдөр /2026.11.16/ мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг гадаад улсаас хувийн цахим хаягаараа дамжуулан ор үндэслэлгүй, илт худал ташаа гүтгэлэг зориуд түгээж, хувийн хэвшил, хувь хүмүүсийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тус мэдэгдэлд "Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нь гадаад улсаас хувийн цахим хаягаараа дамжуулан ор үндэслэлгүй, илт худал ташаа гүтгэлэг зориуд түгээн хувийн хэвшил, хувь хүмүүсийн нэр хүндэд эрээ цээргүй халдаж байгаад харамсаж байна. Бодь Интернэшнл ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор бүтээн байгуулалтыг 2013 онд батлагдсан төслийн дагуу 2019-2022 онд хэрэгжүүлсэн бөгөөд төслийн захиалагчаас шилжүүлсэн 286 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг зориулалтын дагуу зарцуулсан нь ажлын гүйцэтгэл, санхүүгийн гүйлгээ, дансны хуулгаар баталгааждаг болно. Мөн төслийн явцын дунд өртгийг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй нь баримтаар нотлогддог, зөрүү гэх олон сая ам.долларыг зохиомлоор нэмсэн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тус төслийн нийт өртөг нь 450-480 сая ам.доллар байсан гэх ямар нэг албан ёсны хөндлөнгийн дүгнэлт огт гарч байгаагүй.

Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө, 4,7 сая ам.долларын гадаад шилжүүлэг гэх мэт зүйлс нь баримт нотолгоогүй, олон нийтийг зориуд төөрөгдүүлэх зорилготой мушгин гуйвуулсан зохиомол яриа, илт гүтгэлэг юм. Тухайн мэдээлэлд дурдагдсан 110 сая ам.долларыг нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчдад бэлнээр авлига болгон өгсөн гэх мэдээллийг эрс няцааж байна. Төслийн санхүүжилт нь гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажилд бүрэн зарцуулагдсан. Ийм хэмжээний хөрөнгийг төслөөс гаргах нь санхүүжилтийн ноцтой дутагдал үүсгэж, бүтээн байгуулалтын ажлыг гацааж, зогсоох хэмжээний үр дагавартай, техник болон санхүүгийн ямар ч боломжгүй зүйл юм. Бодь Интернэшнл ХХК нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба төмөр замын төслийн гэрээ байгуулах үед санхүү, үйл ажиллагааны хувьд хэвийн байсан нь холбогдох санхүүгийн баримтуудаар нотлогдоно. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл нь 2011 онд эхэлж, 2016 онд уурхай, зураг төслийн ажлаа эхлүүлсэн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтын төслөөс удирдлага, санхүүжилтийн хувьд шууд хамааралгүй тусдаа аж ахуйн нэгж болно.

2021 оноос төмөр замын төслийн санхүүжүүлэгчийн гэрээгээр хүлээсэн хуваарьт санхүүжилт их хэмжээгээр доголдож эхэлсэн ба төсөл хэвийн үргэлжлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгоход Голомт Санхүүгийн Нэгдэл нь банк, санхүүгийн байгууллагын хувьд томоохон дэмжлэг үзүүлж ажилласан. Бодь Интернэшнл ХХК нь төслийн гол санхүүжилт болох нүүрсний гэрээнүүд дээр ямар ч хөнгөлөлт, давуу байдал эдлээгүй бөгөөд БНХАУ-ын худалдан авагчдаас илүү давсан онцгой эрхтэй байгаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай компани зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх (EPC) болон санхүүжилтийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хүлээн авсан урьдчилгаа төлбөр, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан болохыг өнгөрсөн хугацаанд хийгдсэн аудитын шалгалтууд, хууль хяналтын байгууллагууд, УИХ-ын ажлын хэсгээс зохион байгуулсан нуршгүй сонголт гэх мэт хөндлөнгийн шат дараалсан хяналт, шалгалтуудаар нотолсон ба тухай бүр хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлсэн байдаг. Бодь Интернэшнл ХХК нь энэ асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагад шаардлагатай мэдээлэл, материалыг байнга гаргаж өгч байсан. Цаашид ч үнэн бодит байдлыг тогтооход хуулийн хүрээнд нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.