ШУУРХАЙ: Агнасан баавгайн гэдэснээс эрэгтэй хүний цус илэрч, нарийвчилсан шинжилгээг эхлүүлжээ

ШУУРХАЙ: Агнасан баавгайн гэдэснээс эрэгтэй хүний цус илэрч, нарийвчилсан шинжилгээг эхлүүлжээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү өнгөрөгч долоо хоног буюу энэ сарын 7-8 /2026.10.07-08/-нд шилжих шөнө баавгай дайрсаны улмаас 44 насны эрэгтэй хүн амь насаараа хохирч, 55 настай эмэгтэй хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарсан.

Ингээд хэрэг гарсан өдөр буюу 10 дугаар сарын 8 /2026.10.08/-ны өдрийн 11 цаг  орчмын үеэс эхлэн хүний амь хөнөөсөн баавгайг хайж олох эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус эрлийн ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид болон сайн дурын анчид зэрэг бүрэлдэхүүн оролцсон байдаг.

Ингээд тус өдрийн 22:00 цаг орчимд хэрэг гарсан газрын ойролцоогоос баавгай олж агнасан байдаг. Энэ талаар баавгай агнасан анчин ярихдаа, "Тухайн баавгайг хоёр үхэр рүү гэтэж байхад нь 280 метрийн зайнаас хоёр удаа буудаж устгасан" гэж ярьдаг.

Харин баавгай агнасан даруйд "тус баавгай нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан амьтан мөн эсэхийг тогтоолгохоор" тус амьтны сэг зэмийг Шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн байдаг. Тэгвэл шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр тус баавгайн гэдэснээс эрэгтэй хүний цусны дээж илэрсэн болох нь тогтоогдсон байна.

Гэхдээ тогтоогдоод буй цусны дээжийг амь хохирсон 44 настай эрэгтэйн цус мөн эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээг эхлүүлээд байгаа аж.  Тэгвэл Шүүх шинжилгээний хариу 21-30 хоногт гардаг хэдий ч, ноцтой үйл явдал болсон тул шинжилгээний ажлыг яаравчилж, ийнхүү эхний шинжилгээний хариуг зургаан хоногт гаргажээ.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Бурхантын хошуу орчмоор аравдугаар сарын эхээр баавгай айлын хашаа эвдэлсэн. Мөн хүний амь хохироосон хэрэг гарахаас өмнө 2 орчим хоногийн өмнө Шарын ам гэх газруудаар баавгай үзэгдээд байгаа бөгөөд тэр хавийн айл өрхийн хувьд "дахин баавгай дайрах вий" гэсэн айдастай байгаа юм.