Найруулагч Б.Баатарыг өнгөрсөн баасан гарагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Б.Баатарыг "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг хууль бусаар шилжүүлэн авсан гэх хэрэгт холбоотойгоор ийнхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байж магадгүй байна.
Тодруулбал, "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг “Монголын самрын кластер” ТББ-ын гишүүн "Грийнпинус" гэх компани 2021 онд "Германстандарт" ХХК-аас худалдан авч, тус оныхоо арваннэгдүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч байжээ.

Улмаар тухайн компани уг оффисоо "Гэрэгэ таур"-ын 15 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Херо энтертайнмент групп"-д нэг сая ам.доллароор худалдан борлуулахаар аман тохиролцоо хийж, тус 14 давхарт нь Б.Баатар нар оффислох болсон байгаа юм.
Гэвч тэд гурван жилийн хугацаанд ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн тухай оффисын талбайг худалдах, худалдан авах асуудлыг хариуцаж байсан П.Хишигбаярыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 19 хоног цагдан хорьсон байдаг аж.
Гурван жилийн хугацаанд "Грийнпинус" компанитай төлбөр тооцоо хийгээгүй, оффист нь үйл ажиллагаагаа явуулдаг байсан гэх "Херо энтертайнмент групп" П.Хишигбаярыг ийнхүү шалгагдаж байх хугацаанд буюу 2025 оны нэгдүгээр сарын 08-ны /2025.01.08/ өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 17 дугаар байр 14 давхарт байршилтай, Y-2203029416 дугаарт бүртгэгдсэн 476.7 мкв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулж, гарын үсэг зурах эрхийг компанийн гүйцэтгэх захирал Б.Баатарт олгосон байгаа юм.

Улмаар дээрх шийдвэрийн маргааш буюу 2025 оны нэгдүгээр сарын 09-ний /2025.01.09/ өдөр "Херо энтертайнмент групп"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, "Грийнпинус" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Хадбаатар нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрын 476.7 мкв талбайтай оффисын барилгыг худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. Ингэхдээ тус оффисыг гурван жилийн өмнө 1 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.3 тэрбум гаруй төгрөгөөр худалдахаар ярилцаж байснаас даруй нэг дахин бага буюу 1.5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг нь 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор "Грийнпинус" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дугаар тоот дансанд шилжүүлэхээр гэрээлсэн байна.
Гэтэл "Херо энтертайнмент групп" нь гэрээний дагуу мөнгөө шилжүүлээгүй байхдаа буюу гэрээ байгуулсан өдрөө л үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч, "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг өөрийн болгосон байгаа юм.
Үүнээс үзэхэд, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын 50/50 хувийн хувьцаа эзэмшилтэй "Херо энтертайнмент групп" нь "Грийнпинус" ХХК-ийн эзэмшлийн "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг төлбөрийг нь төлөөгүй байж улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргуулан авч, "дээрэмдсэн" байх талтай байдаг.
Тиймээс Б.Баатарыг дээрхтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байж магадгүй байна.