Нийслэлийн прокурорын газрын саналаар найруулагч Б.Баатарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал шүүхэд ирүүлснийг шүүх хэлэлцээд яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл найруулагч Б.Баатарыг гурав хүртэлх жилийн хорих ялтай залилах, мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд уг хэрэгтэй нь холбоотойгоор түүнд хязгаарлалт тогтоосон аж. Тодотговол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Харин Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.