Монгол орны газар тариалангийн бүс нутгаар өнөөдөр цас орж болзошгүй тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Төв, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумын нутгаар бороо, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14, Алтайн өвөр говиор 19-24, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 15-20, бусад нутгаар 12-17 градус дулаан байна. Тариалангийн бүс нутаг болох Архангайн Тариат, Цахир сумдын нутгаар энэ долоо хоногт нойтон цас орсон. Мөн Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Баянхонгорын зарим, Баян-Өлгий, Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Булганы цөөн, Увс, Орхон, Дорнодын ганц нэг сумдын нутгаар агаарт цочир хүйтрэлт ажиглагдсаныг ЦУОШГ-аас мэдээллээ.