ШУУРХАЙ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал, найруулагч Б.Баатарыг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр /2026.09.25/ шүүхээс авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд зарим иргэд "Б.Баатартай адил Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд ч мөн хязгаарлалт тогтоох мөрдөн шалгах ёстой" гэх байр суурийг илэрхийлэх болсон.

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сар /2026.04/-д Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандсан байдаг. Энэ талаараа Ц.Оюунбаатар хэлэхдээ, "Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо онц ноцтой зүйл ярьсан. Улсын нууцын тухай асуудал биш, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн асуудалтай холбоотой зүйлүүдийг хөндсөн. Л.Оюун-Эрдэнэ, "Парламентын засаглал руу халдах гэж байгаа бол бид ард түмнээ тэмцэлд уриална. Төв талбайд" хэмээсэн. Энэ бол гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн хэлэлцүүлгийн асуудал" гэсэн юм. 

Мөн тэрээр, "Монголын ард түмэн сүүлийн 30 жил ёс зүйгүй, гэмт үйлдэл хийдэг, авлигал хээл хахуульд автсан, нүүрсний хулгай, банкны хулгай гэх мэт олон зүйлсэд холбогдсон. Энэ хүмүүсийн нуугдах газар УИХ, хууль тогтоох байгууллага болсон учир ард түмний байр суурийг эсэргүүцэж, хуваан талцал үүсгэх асуудал ярьсан. Энэ цаашид иргэний дайн руу аваачна.

"Миний ялалтаар баталгаажсан мөрийн хөтөлбөрийг эсрэг санал руу явуулах гэж, бас галаар битгий наадаарай, би 21 аймгийг тойроод үндэсний хэмжээний тэмцэл уриалж чадна" гэсэн.

Энэ бол Эрүүгийн хуулийн 19.8, 19.9 дүгээр заалт буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах, Экстремист үйл ажиллагаа явуулахтай холбоотой гэмт хэрэг. Энэ хуулийн зүйл заалт дээр би өөрөө ажилласан хүн. Бид Харбины гэрээг ил тод болгох шалгах асуудлыг тавьж байгаа. Энэ гэрээг ард иргэдээс нууцаар хийсэн. Мөн Эрдэнэс Оюутолгой компанийн 20 сая долларыг авч, төрийн санд оруулалгүй хэдхэн хүмүүстэй хуваан завшсан" хэмээгээд уг асуудлуудыг шалгуулахаар Тагнуулын байгууллагад хандсан байдаг.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Тагнуулаас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин тус мөрдөн шалгах ажиллагаа нэлээд удаашралтай байгаа нь хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлийг сулруулж байна гэдгийг шүүмжлэх хүмүүс ч олон байна. Ямартай ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг "Үндэсний эв нэгдлийг бусниулах, Экстремист үйл ажиллагаа явуулах" гэсэн зүйл ангиудаар Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа аж. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө