Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2026.09.27/ эх орноосоо мордлоо.

Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэв. Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийх албан ёсны айлчлал есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ нь түүний гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалтаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцох юм.

Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт бараалхаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Түүнчлэн Япон Улсад оршин сууж буй Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо.