Эрчим хүчний яамнаас “Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих Багц-2” төслийн аукционыг есдүгээр сарын 24-нд зохион байгууллаа.
"ГОВИЙН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮР БАРИХ ТӨСЛИЙН АУКЦИОНД 7.9 АМ.ЦЕНТ/КВТ.Ц-ИЙН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛСЭН ТҮНШЛЭЛ ШАЛГАРАВ"
Говийн бүсийн уул уурхайн томоохон хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг 99.5 хувийн найдвартай хангах, импортоор авч буй эрчим хүчний хэмжээг бууруулах зорилготой уг төслийн хүрээнд “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг сонгон шалгаруулсан юм. Аукционд нийт 10 компани оролцохоо илэрхийлснээс хоёр нь шаардлага ханган өрсөлдсөн. Эцэст нь 7.9 ам.цент/кВт.ц-ийн үнийн санал ирүүлсэн “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК болон “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн түншлэл шалгарчээ.

"ОЮУТОЛГОЙД ШААРДЛАГАТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ 70 ХУВИЙГ ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ХАНГАНА"
Энэ төсөл хэрэгжсэнээр 270 МВт хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр бий болж, Оюутолгойн үйлдвэрийн шаардлагатай эрчим хүчний 70 хувийг дотоодын эх үүсвэрээс хангах боломж бүрдэх юм. Харин аукционы дүн гарсны дараа нэг зүйл олны анхаарлыг татсан нь тус төсөлд “М Си Эс” шалгарсан явдал байлаа.
"УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ, М.НАРАНТУЯА-НАРА НАР М СИ ЭС ШАЛГАРСАНД ШҮҮМЖЛЭВ"
Уг төслийг тойрсон шүүмжлэлд Оюутолгойн төслийг эсэргүүцэгчид болох Б.Отгон, Г.Баасан нарын байр суурь хүчтэй сонсогдож байна. Мөн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара нарын зүгээс аукционы үр дүн болон “М Си Эс” шалгарсантай холбоотой шүүмжлэл гаргаж байна. Тэдний зүгээс Эрчим хүчний сайд Б.Найдалаа “М Си Эс”-ийг шалгаруулсан гэх агуулгаар шүүмжилж байгаа.
ВИДЕО:
"Б.НАЙДАЛАА: ХЭН ШАЛГАРАХ НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД ХАМААРАЛГҮЙ"
Харин салбарын сайдын тайлбар өөр байна. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Энэ бол Оюутолгойг гаднаас импортолж буй эрчим хүчийг орлуулах зорилготой Говийн бүсийн хоёрдугаар багцын аукцион. Оюутолгой өнөөдөр эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь гаднаас хангаж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь дотоодын эх үүсвэрийг бий болгох хамгийн хурдан хувилбар. Хэн шалгарах нь Эрчим хүчний сайдад хамааралгүй” гэв.
ВИДЕО:
Энд нэг чухал ялгааг салгаж харах шаардлагатай.
- Нэгдүгээрт, энэ аукционоор шалгарсан компани төсөл хэрэгжүүлэххэд шаардлагатай 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа өөрөө гаргана. Өөрөөр хэлбэл, төсвөөс шууд хөрөнгө оруулалт хийж станц барих төсөл биш.
- Хоёрдугаарт, компани аукционоор санал болгосон үнээр үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх бөгөөд уг эх үүсвэр нь Оюутолгойн хэрэглээг дотоодын эрчим хүчээр хангах зорилготой.
"ОЮУТОЛГОЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ 4 ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛ УЛСААС ХАНГАНА ГЭЖ АНХ ГЭРЭЭЛСЭН"
Энд анхаарах ёстой гол асуудал бол “М Си Эс яагаад шалгарав” гэдгээр хязгаарлагдах бус “Монгол Улс Оюутолгойн эрчим хүчний импортыг хэзээ, ямар эх үүсвэрээр орлуулах вэ” юм. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана” хэмээн тусгасан ч өнөөг болтол дотоодын эх үүсвэрийг бий болгоогүй.
Өөрөөр хэлбэл, Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Үүний үр дүнд Оюутолгой 2013 оноос хойш эрчим хүчээ БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний эх үүсвэрээс авч ирсэн. Энэ хугацаанд эрчим хүчний төлбөрт нийтдээ ойролцоогоор 1.9 тэрбум ам.доллар төлсөн гэх тооцоо бий. Зөвхөн 2025 онд Оюутолгой эрчим хүчний төлбөрт 140 сая орчим ам.доллар зарцуулсан байна.
-ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦСОНООР ШИНЭ ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МЕНЕЖМЕНТИЙН ТУРШЛАГА МОНГОЛД ҮЛДЭНЭ-
Энэ бол зөвхөн нэг компанийн зардал мэт харагдаж болох ч нөгөө талаас Монгол Улсын хувьд жил бүр гадагш урсаж буй валютын хэмжээ юм. Хэрэв уг хэрэглээг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр тодорхой хэмжээгээр орлуулж чадвал валютын урсгалыг дотоодод үлдээхээс гадна Монголын эрчим хүчний системийн дотоодын үйлдвэрлэл, дэд бүтэц, инженер техникийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улс өнөөдөр эрчим хүчний салбарын гадаад хамаарлаа бууруулах шаардлагатай хэвээр байна.
Тиймээс сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хэрэгжих бүрд түүнийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгээс гадна Монголд ямар үлдэгдэл үнэ цэн бий болох вэ гэдгийг харах шаардлагатай. Үндэсний компаниуд томоохон бүтээн байгуулалтад оролцсоноор дотоодын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар нэмэгдэнэ. Шинэ технологи, тоног төхөөрөмж, менежментийн туршлага Монголд үлдэнэ. Бүтээн байгуулалтыг дагасан эдийн засгийн эргэлт бий болно. Хамгийн гол нь гадагш урсаж буй валютын тодорхой хэсгийг дотоодын эдийн засагт үлдээх боломж нэмэгдэнэ. Энэ бол “М Си Эс”-д хайртай эсэх тухай асуудал огт биш.
-УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХЦЭЦЭГ НЬ ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭЙ, МАН-ЫН ЖАГСААЛТЫН ХОЁРДУГААРТ БИЧИГДСЭН-
УИХ-ын гишүүд аливаа төсөл, ялангуяа улсын хэмжээний томоохон эрчим хүчний төслийн сонгон шалгаруулалтыг хянаж, асуулт тавих бүрэн эрхтэй. Гэхдээ шүүмжлэл нь “хэн шалгарсан”-аас илүү “яагаад шалгарсан, ямар шалгуур тавьсан, ямар үнээр цахилгаан нийлүүлэх вэ, төрд ямар эрсдэл үүсэх вэ, хэрэглэгчид ямар үр ашигтай вэ” гэсэн бодит асуудалд анхаарах учиртай.
Тэр дундаа эрчим хүчний салбарын мэргэжилтэн, цахилгааны инженер мэргэжилтэй, МАН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэн УИХ-д сонгогдсон М.Энхцэцэгийн хувьд энэ төслийн эрчим хүчний системд үзүүлэх нөлөө, үнэ тарифын тооцоолол дээр тодорхой байр суурь илэрхийлэх нь илүү ач холбогдолтой. Харин зөвхөн “М Си Эс” оролцсон гэх шалтгаанаар субьектив хандах нь утгагүй.
Монгол Улс эрчим хүчний хувьд гадаад эх үүсвэрээс хэр хэмжээнд хамааралтай байдгийг цахилгааны инженер мэргэжилтэй хууль тогтоогч хамгийн сайн мэдэх учиртай. Мөн ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хувьд энэ асуудлаас үнэндээ холуур өнгөрсөн нь нэр төрд нь цэвэр. Түүний хувьд өмнө нь цахимаар бараа рекламдсан, иргэдтэй зүй бус харьцсан, казах иргэдийг ялгаварлан гадуурхсан зэрэг парламентад орсон цагаасаа шүүмжлэл дагуулсан нэгэн.
Гэхдээ эдгээр нь өнөөдрийн эрчим хүчний төслийн аукционы үр дүн зөв эсэхийг тодорхойлох үндэслэл биш. Гагцхүү “мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг. “Гоцлол дуулаач” мэргэжилтэй М.Нарантуяа-Нара гишүүний хувьд эрчим хүчний салбарын ийм томоохон төслийг шүүмжилж байгаа бол ядаж аукционы үнэ, техникийн шаардлага, хөрөнгө оруулалтын бүтэц, эрчим хүчний системд үзүүлэх нөлөөллийн талаар ямар тооцоонд үндэслэж байгаагаа тодорхой хэлэх нь зүйтэй.
Эцсийн дүндээ Монгол Улсад хэрэгтэй зүйл нь аль нэг компанийн нэрийг хамгаалах эсвэл эсэргүүцэх биш. Монгол Улс Оюутолгойн эрчим хүчний хэрэглээгээ, цаашлаад улсынхаа эрчим хүчний хараат байдлыг бууруулахад анхаарах нь нэн чухал асуудал. Зөвхөн Монгол Улс бус дэлхийн улс орнууд ч эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлж, гадаад хамаарлаа аль болох бууруулахыг зорьж байна.