Ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээ, 2027, 2028 оны төсвийн төсөөлөл болон төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр 2026 оны төсвийн тодотголоор нийт 1.4 их наяд төгрөгийн зохицуулалт хийхээр тусгасан гэв. Төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын цалингийн дутагдлыг нөхөхөөс гадна өмнө нь зохицуулагдаагүй байсан төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр олгож эхлэх бөгөөд үүнд 435 мянган ахмад хамрагдах аж. Түүнчлэн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан гурилын улаан буудай, хүнсний ногоо, махны нөөц, нийлүүлэлт болон шатахууны асуудлыг шийдвэрлэхээр төсөвт тусгасан байна. Эрчим хүчний салбарын хувьд энэ өвлийг саатал, эрсдэл багатай даван туулах зорилгоор засвар үйлчилгээ, техникийн шинэчлэлийн зардлыг шийдвэрлэхээр тусгажээ. Мөн тарифын дарамтыг иргэдэд бага мэдрүүлэхэд чиглэсэн зохицуулалт хийхээр төсвийн тодотголд тусгасан талаар Ж.Батжаргал мэдээллээ.