Н.Номтойбаяр: ОХУ-д гараад байгаа сармагчны цэцэг өвчнийг оношлох тоног төхөөрөмж манай улсад байхгүй

Н.Номтойбаяр: ОХУ-д гараад байгаа сармагчны цэцэг өвчнийг оношлох тоног төхөөрөмж манай улсад байхгүй

Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

Тэрбээр "ОХУ-ын Санктпетербург хотод сармагчны гаралтай халдварт цэцэг өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Мөн Москва хотод бүртгэгдсэн. Үндсэндээ зургаан хүн сармагчны гаралтай хүнд халдварладаг өвчний вирусээр халдварлаж, ОХУ-ын холбогдох байгууллагууд хяналтаа тавьж, эмчлээд явж байгаа" гэсэн юм. 

Түүнчлэн "Саяхан Эрхүү хотод гарсан тахалтай өвчинтэй холбоотойгоор 198 хүн хөл хорионд орсон. Энэ нь Ковидын төрлийн риновирус гэж оношлогдсон. Тухайн үед манай улсаас 200 гаруй машин, 2148 иргэн зорчсон. Аз болоход тухайн өвчин нь гоц халдварт өвчин биш болж таарсан. Гагцхүү иймэрхүү асуудлууд хөрш зэргэлдээ улс оронд гарч байхад манай улсад урьдчилан сэргийлэх боломж бололцоо хэр байна вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Жишээлбэл, сармагчны гаралтай халдварт өвчин манай улсад орж ирэхэд бидэнд оношлогооны тоног төхөөрөмж байхгүй. Засгийн газраас яаралтай тоног төхөөрөмжтэй болохоор хоёр байгууллагад хүсэлт тавьсан байгаа" хэмээлээ.