Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

2026 он гарснаас аравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 17 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Үүнээс хоёр тохиолдол энэ сард бүртгэгдсэн байна.

Тодруулбал, аравдугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн “Ноогт” нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу ажилласан алба хаагчид автомашиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байна. Харин аравдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхад мөс цөмөрчээ. Хүүхдүүд голын эрэг рүү буцаж гарч чадахгүй байсныг аврагчид эсэн мэнд гарган, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Гол, нуурын ус бүрэн хөлдөж, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед мөсөн дээр гарах нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүйг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, иргэд мөсөн дээгүүр зорчихгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.