Энэ оны дөрөвдүгээр сарын 23 /2026.04.23/-ны өдөр Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг хийж, “нөхөн гарсан” буюу нас барсан болон намын хорооны гишүүний татвараа төлөөгүй гишүүдийг хасаж, тэдний оронд шинэ гишүүд томилсон байдаг. Мөн энэ хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, тэргүүлэгчдээ шинэчлэн сонгосон гэдэг.
Ингэснээр Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрохгүйн тулд өөрийгөө “хуягласан” гэх шүүмжлэл тухайн үед гарч байв. Учир нь МАН-ын дүрмээр Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн олонхын саналаар намын хорооны даргыг огцруулж, дараагийн даргыг сонгох зохицуулалттай.
Харин энэ хурлаас хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 16 /2026.05.16/-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал захирамж гаргаж, Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Ингэснээр Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгч болон Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалтайгаа үлдсэн.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 25 /2026.09.25/-ны өдрөөс эхлэн Х.Нямбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Харин Хотын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөсөө хойш Х.Нямбаатар гадаад улс руу явж, тэнд амьдрах болсон бөгөөд өөртэй нь холбоотой дуулиан, шуугиан дэгдэх бүрд өөрийгөө өмгөөлсөн гэж болохуйц мэдэгдлийг цахим орчинд хийх болсон. Тухайлбал, өчигдөр /2026.10.18/ тэрбээр нэр бүхий жирийн иргэдийг зургийг барьж, нэр бүхий хүмүүс рүү чиглэсэн “Дэглэмийн эсрэг ганцаараа” гэх мэдэгдлийг хийсэн юм.
Тэгвэл Х.Нямбаатар өчигдөр гэнэт мэдэгдэл хийх болсон нь хэд хэдэн шалтгаантай байж болзошгүй байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гараг /2026.10.16/-т Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хоёр шийдвэр гаргажээ. Нэгдүгээрт, Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хийхээр товлосон байна. Уг хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргын асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Тодруулбал, Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Хотын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх аж.
Хоёрдугаарт, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нарыг энэ долоо хоногт багтаан чөлөөлөх чиглэлийг тухайн дүүргүүдийн ИТХ-д хүргүүлэх улс төрийн шийдвэр гаргасан байна.