Шатахууны шуурхай штабаас шатахууны нийлүүлэлт, үнийн нөхцөл байдлын талаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай болон Монополын газрын дарга Б.Амарсанаа мэдээлэл өглөө.
Ч.Хишигдалай "Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10, АИ-95 бензиний 13, дизель түлшний 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байгаа. Аравдугаар сард зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшний нийлүүлэлтэд шилждэгтэй холбоотойгоор шатахууны үнэд тодорхой өөрчлөлт гардаг" гэдгийг онцолсон юм.
Харин Монополын газрын дарга Б.Амарсанаа олон улсын зах зээлд дизель түлшний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 хувиар өссөн нь дотоодын зах зээлд үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байгааг хэлэв. Тэрбээр “Зунаас өвлийн дизель түлш рүү шилжиж байгаа энэ үед олон улсын зах зээлд ч дизель түлшний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор дизель түлшний үнийн өсөлт явагдах нь тодорхой болж байна. Дотоодын тээвэр, шилжүүлэн ачих, түгээх, борлуулах гээд аж ахуйн нэгжүүдийн зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй байна. Аль болох үнийн өсөлтийг бага байлгахаар бүх талаас нь хамтран ажиллаж байна. Монополын эсрэг газраас хяналтаа тавьж ажиллаж байгаа” гэлээ.