Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 8.9 тэрбум ам.долларт хүрсэн сайн мэдээтэй. Экспортын орлого өсөж, валютын нөөц нэмэгдэх нь улсын гадаад төлбөрийн чадвар, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй. Гэвч валютын нөөц өссөн ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш буурахгүй, иргэдийн өргөн хэрэглэдэг гадаад валютын үнэ өндөр хэвээр байна.
Монголбанкны өчигдрийн /2026.10.20/ зарласан ханшаар нэг ам.доллар 3,596 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн монголчуудын өргөн ашигладаг БНХАУ-ын юань 538 төгрөг, БНСУ-ын вон 2.71 төгрөг, ОХУ-ын рубль 43.40 төгрөгийн ханштай байгаа аж. Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, экспортын орлого өссөн атлаа төгрөгийн ханш яагаад чангарч, валютын үнэ буурахгүй байгаа болон валютын нөөц ямар байгааг сурвалжилхаар бид валют арилжааны “Найман шарга” захыг зорилоо.
“БАНКНААС АВБАЛ ХЯМД ШҮҮ ДЭЭ”
Энгийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, валют арилжаалах гэсэн иргэд, арилжаачдын дуу шуугианаар дүүрэн байдаг хотын энэ хэсэг өнөөдөр харьцангуй нам гүмхэн байлаа. Уг нь валютын ханшийн өөрчлөлт иргэдийн анхаарлын төвд байдаг энэ үед захын хөл хөдөлгөөн арай өөр байх болов уу гэж бодсон ч нөхцөл байдал эсрэгээрээ байв. Ингээд валют арилжааны нэгэн цэгээр орохтой зэрэгцэн “Доллар байхгүй ээ.Банкнаас авбал хямд шүү дээ” гэх яриа сонсогдов. Ам.доллар худалдаж авахаар “Найман шарга” захыг бүтэн тойрсон ч хүссэн валютаа олж авч чадаагүй аж.
Энэ талаар валютын арилжаачнаас тодруулахад “Доллар олдохгүй байгаа шүү дээ. Банк 3,587 төгрөгөөр авч байгаа. Манайх 3,611 төгрөгөөр аваад байхад л солиулах хүн байхгүй. Долларгүй болсон юм байлгүй дээ” гэв. Өөр нэгэн валют арилжаалагч харин арилжааны банкуудтай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ арилжааны хэдэн банк чинь авч түгжчихээд байгаа юм биш үү. Байхгүй, байхгүй л гэдэг юм” хэмээн бухимдаж байв.
- "2026 ОНЫ ТӨГСГӨЛД ВАЛЮТЫН НӨӨЦ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ" -
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр аравдугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ "Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Энэ хэвээрээ байвал 2026 оны төгсгөлд валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрнэ" хэмээж байсан билээ. Гэтэл өнөөдөр валют арилжааны хар захын дүр зураг ийм.
ВИДЕО:
Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Дотоодын зах зээлд эндээс ам.долларыг нийлүүлж, ханшийг мөн эндээс тогтоодог. Монголбанкны гадаад валютын дуудлага худалдааны биелэлтийн мэдээллээс харахад, өчигдөр /2026.10.20/ 76 сая ам.доллар, аравдугаар сарын 15-нд 30 сая ам.доллар, аравдугаар сарын 13-нд 86 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн байна.

Гэтэл валютын хар зах дээр Монгол банкнаас тогтоосон ханшаас даруй 15 төгрөгөөр өндөр үнэ хэлээд ч "ноён ногоон" авч чадахгүй, иргэд ч хэрэгтэй валютаа хайж гүйлдсэн нөхцөл байдалтай байна. Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ зах зээлд шаардлагатай үед валют нийлүүлж, ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах нь Монголбанкны оролцооны нэг үүрэг. Гэтэл нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч иргэд валют хайж, арилжааны цэгүүд долларгүй гэх нөхцөл байдалтай тулгарсаар байгаа нь нийлүүлэлтийн хэмжээ, хуваарилалт "хангалтгүй" байгаагийн илрэл болж буй юм.