Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээрээ л иргэдийн гар дээр ирж буй цалингийн хэмжээ нэмэгдэж, амьдрал нь сайхан болоод байдаг бол үүнийг өдөр бүр нэмүүлэхсэн. Даанч бүтэшгүй зүйл бөгөөд хэрвээ ингэвэл харин ч эсрэгээрээ бидний улсад төлөх татвар, торгуулийн хэмжээ нэмэгдэнэ.
Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 мянга хүрэхгүй хүн цалинждаг. Товчхондоо, хэдий ядуу байлаа ч гэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хүнээ цалинжуулдаг ААН байхгүй ээ гэчихэд хол зөрөхгүй. Харин эсрэгээрээ хүүхэд төрүүлсэн ажилтныхаа НДШ-ийг төлдөг аж ахуйн нэгжийн төлөх мөнгө, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд нугалсантай тэнцүү” хэмжээгээр торгууль бичдэг улсын төсөв л нэмэгдэнэ. Ганцхан жишээ дурдахад, Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл одоо хамгийн багадаа сарын 106'920, жилийн 1'283'040 төгрөг байгаа бол одоо яригдаж буй хэмжээгээр буюу 1 сая төгрөг болсноор сард 135'000, жилд 1'620'000 болох ажээ.
-БОДИТ ДООД ЦАЛИН ӨСӨХ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ МАГАДЛАЛД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ -
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улс төрийн шийдвэрээр өсгөх нь ажил олгогчдод нэмэлт зардал үүсгэж, ялангуяа жижиг, дунд бизнесүүдэд дарамт учруулах эрсдэлтэй. ААН-үүд бүтээмж багатай, ажлын туршлагагүй залуусыг ажилд авах сонирхол буурч, зарим ажлын байр цөөрөх ч магадлалтай. Ажил олгогч нэмэгдсэн зардлаа даах боломжгүй бол ажилтны тоогоо цөөлөх, албан ёсны цалинг бодитоор олгохгүй байх, хөдөлмөрийн харилцаагаа албан бус хэлбэрт шилжүүлэх зэргээр хариу үйлдэл үзүүлж болзошгүй юм.
Эцсийн дүндээ ажилтан, ажил олгогч хоёрын хооронд албан бус тохиролцоо бий болж, цалин, татварын мэдээллээ бодитоор тайлагнахгүй байх эрсдэл ч үүснэ. Ингэснээр иргэдийг хууль ёсны, нийгмийн даатгалтай ажлын байраар хангах зорилго эсрэгээрээ үр дүнд хүрч мэдэх юм. Энэ талаар судалгаанууд ч бий. Тухайлбал, МУИС-ийн “Эдийн засгийн онол, практик” сэтгүүлд 2023 онд нийтлэгдсэн Б.Даваамаагийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг хэмжих нь” судалгаанд Үндэсний статистикийн хорооны 2008-2018 оны Ажиллах хүчний судалгааны мэдээллийг ашиглажээ. Судалгааны үр дүнд бодит доод цалин өсөх нь хөдөлмөр эрхлэх магадлалд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал, бодит доод цалин 10 хувиар нэмэгдэхэд хөдөлмөр эрхлэх магадлал эмэгтэйчүүдийн хувьд 0.324, эрэгтэйчүүдийн хувьд 0.312 нэгж хувиар буурсан гэж тооцжээ.
- Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ДООД ЦАЛИН 88.6 ХУВИАР ӨСЖЭЭ -
Ингээд одоо эдийн засагт сөрөг үр дагавартай энэ цалинг хэн нэмэв гэдэг асуулт ургаж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 онд 420 мянган төгрөг байлаа.Үүнээс хойш УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг засаглаж байх хугацаанд энэ тоо 88.6 хувь өсөж 792 мянган төгрөг болоод байгаа юм. Тодруулбал, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллынн сайдаар А.Ариунзаяа ажиллаж байх 2022 онд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа Х.Булгантуяа сайдыг ажиллаж байх 2023 оны хурлаар мөн л нэмэгдүүлэх шийдвэр гаргаж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 660 мянган төгрөг болгосон байна. Дараа нь Л.Энх-Амгалан сайдын үед буюу 2024 онд дахин хуралдаж, 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэж, уг тогтоолыг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдүүлсэн юм.
Тэгвэл хамгийн сүүлд буюу 2026 оны наймдугаар сарын 17-нд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Харин Засгийн газар уг нэмэгдлийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг ирэх оны төсвийн төсөлд тусгаагүй бөгөөд аравдугаар сарын эхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нэмэгдлийг 2028 он хүртэл хойшлуулсан талаар мэдээлээд байгаа юм.
- МҮЭХ-НЫ ШААРДЛАГААР ДООД ЦАЛИНГ НЭМДЭГ ТОГТОЛЦООГ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨХ ВЭ? -
Монгол Улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоохоор заасан байдаг. Гэхдээ мөн хэсэгт тус хуулийн 6.1, 6.2-т заасан саналын дагуу шинэчлэн тогтоож болохоор зохицуулжээ. Тодруулбал, хуулийн 6.1-д Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд төлөөлөл бүхий аль нэг тал, эсхүл талууд хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх санал гаргах эрхтэй гэж заасан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо гэдэг бол Засгийн газар, ажилтны болон ажил олгогчийн төлөөллөөс бүрддэг, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар талуудын байр суурийг нэгтгэн хэлэлцдэг байгууллага юм. Тус хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, хөдөлмөрийн нөхцөл болон ажилтан, ажил олгогчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах, гурван талт хэлэлцээр байгуулахад оролцдог. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ газрын хийж буй ажил ерөөсөө л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд чиглэж байгаа аж. Ерөөсөө л МҮЭХ гэдэг байгууллага индрийн өмнө гарч ирж цалин нэмэх шаардлага тавьж, бичиг цаас хүргүүлсний зоргоор доод цалинг нэмдэг тогтолцоо руу шилжчихсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй л болчихлоо. Үүнийг нь “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” гэх байгууллага дэмжиж байр сууриа нэгтгэснээр Засгийн газар бараг зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог ч гэмээр юмуу. Гэтэл ардчилсан монгол улсад амьдарч байгаа хэрнээ үеэ өнгөрөөсөн энэ “социализмын үеийн” байгууллыг огцруулж яагаад болдоггүй юм бэ.